ФОТО: Улсын Их Хурлын үе үеийн дарга нарт хүндэтгэл үзүүллээ
55 минутын өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.07.10) үе үеийн Улсын Их Хурлын дарга нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Хүндэтгэл үзүүлэх уулзалтад:
- 1990-1992 онд Улсын Бага Хурлын дарга, 1996-2000 онд Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан Р.Гончигдорж,
- 1992-1996 оны Улсын Их Хурлын дарга Н.Багабанди,
- 2001-2004 оны Улсын Их Хурлын дарга С.Төмөр-Очир,
- 2004-2005 онд Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан Н.Энхбаяр,
- 2008-2012 оны Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл,
- 2012-2016 оны Улсын Их Хурлын дарга З.Энхболд,
- 2016-2019 оны Улсын Их Хурлын дарга М.Энхболд,
- 2019-2024 онд Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан Г.Занданшатар,
- 2025-2026 онд Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал нар оролцлоо.
Харин 2007-2008 онд Улсын Их Хурлын даргаар ажилласан Д.Лүндээжанцан бие чилээрхүү, 2024-2025 он ажилласан Д.Амарбаясгалан орон нутагт томилолтоор ажиллаж байгаа тул уулзалтад хүрэлцэн ирж амжсангүй.
БНМАУ-ын Дэд Ерөнхийлөгч асан, Улсын Бага Хурал, Улсын Их Хурлын дарга асан Р.Гончигдорж Улсын Бага Хурлаас эхэлсэн байнгын ажиллагаатай парламентын 30 гаруй жилийн түүх бол Монгол Улсын ардчиллыг батжуулан хөгжүүлэх, хүний эрхийг дээдлэн бататгах, улс орныхоо хөгжил цэцэглэлтийг хурдасган дээшлүүлэхийн төлөөх үйл ажиллагааг хууль тогтоох бодлогоор, түүний хэрэгжилтийн хяналтаар, мөн олон түмний оролцоотойгоор хангаж ирсэн түүх хэмээн онцолжээ.

Харин Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр энэ онд олон түүхэн, чухал үйл явдлын тэгш ой тохиож буйг дурдан, Их Монгол Улсыг үндэслэгч Чингис хаан 58 насандаа буюу 1220 онд зарлиг гаргаж Хархорум хотыг их эзэнт гүрний нийслэл хот байхаар шийдвэрлэсэн нь эртний Хүн гүрнээс эхлээд Төв Азид ээлж дараалан хүчирхэгжсэн бүхий л улсуудын чухал түшиц төв нь Орхоны хөндий байсныг илтгэн харуулдаг тухай сонирхолтой түүх өгүүлсэн юм. Тэрбээр, Хархорин хот бол тухайн үедээ дэлхийн нийслэл байсан гэдгийг хэлж, эртний түүхт хотоо сэргээн босгоход зөвлөн тусалж, хүчин зүтгэхийг Улсын Их Хурлын дарга нарт уриалав.

Эдүгээгээс 880 жилийн тэртээ буюу 1246 онд Их Монгол Улсын Их Хуралдайгаар Гүюг хааныг ор залгамжлуулан суулгасан тухай Улсын Их Хурлын дарга асан Г.Занданшатар ярьж, манай улс эртнээс парламентат ёсны уламжлал, түүхтэй байсныг өгүүлэв.
Тэрбээр парламентын засаглалтай улс орнуудын нийтлэг соёлын жишгээр төрийн залгамж чанарыг хангах, ирээдүй хөгжил дэвшлийн талаар санал солилцох чөлөөт индэр болгох зорилгоор Улсын Их Хурлын үе үеийн дарга нараас бүрдсэн “Их Хуралдай” клубийг байгуулан гэв.
-
1
-
2
-
3
-
4
-
5
-
6
-
7






