Монгол бөх олон зуун жилийн түүхтэй, өөрийн гэсэн өвөрмөц дэг жаяг, цол олгох тогтолцоотой үндэсний спорт билээ. Түүний бусад орны бөхийн төрлөөс ялгарах хамгийн онцгой шинжийн нэг нь өндөр цолтой бөхчүүд өөрөөсөө доод цолтой бөхийг амлан авч, барилддаг уламжлал юм. Энэ нь тухайн барилдааны өнгө төрх, өрнөлд томоохон нөлөө үзүүлдэг.

 

Үүнээс гадна Монгол бөхийн цол олгох тогтолцоонд тэгш ой тохиосон жилийн барилдаанд цол авч буй бөхөд нэг шат ахиулан цол хүртээдэг уламжлал бий.

 

Энэ нь түүхэн ойг тохиолдуулан үзүүлсэн амжилтыг онцгойлон үнэлдэг өвөрмөц соёл бөгөөд ийм боломж бөхчүүдийн хувьд тэр бүр тохиодоггүй. Өнгөрсөн хугацаанд даян аварга С.Цэрэн, аварга О.Балжинням, аварга Д.Сумьяабазар, аварга Ч.Санжаадамба зэрэг олон алдартан их ойн жилийн наадмаар өндөр цол хүртэж, Монгол бөхийн түүхэнд нэрээ мөнхөлсөн байдаг. 2026 оны Үндэсний их баяр наадам ч мөн адил онцгой жил байлаа.

 

Учир нь Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой давхцсан юм. Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн их ой тохиосон тул энэ жилийн наадамд түрүүлсэн бөх цолоо нэг шатаар ахиулах боломж бүрдсэн байв.

 

Өөрөөр хэлбэл, улсын аварга түрүүлбэл дархан аварга, улсын арслан түрүүлбэл даян аварга, харин үүнээс доод цолтой бөх түрүүлбэл улсын аварга болох боломжтой гэсэн үг. Ийм боломж хэдэн арван жилд нэг л удаа тохиодог тул энэ жилийн наадам бөхчүүдийн хувьд энгийн нэг түрүү бус, түүхэн боломжийг атгах өрсөлдөөн байлаа. Хэрэв улсын аварга О.Хангай түрүүлсэн бол дархан аварга цол хүртэх байв. Харин улсын арслан түрүүлсэн тохиолдолд даян аварга төрөх нөхцөл бүрдэх байсан. Энэ бүх нөхцөлийг харгалзан үзвэл улсын арслан Э.Батмагнайд ховорхон олдох боломж нээгдсэн байсан гэж хэлж болно. Тэрбээр энэ жилийн наадамд түрүүлж чадсан бол шууд даян аварга цол хүртэх байв. Сүүлийн жилүүдэд тогтвортой өндөр амжилт үзүүлж, ноднин түрүүлсэн түүний хувьд ийм боломж бодитоор яригдаж байсан нь ч учиртай.

 

Наадам эхлэхийн өмнө бөх сонирхогчид, судлаачдын дунд Э.Батмагнайг түрүү булаалдах гол өрсөлдөгчдийн нэг гэж үнэлж байсан.

 

Учир нь түүний бэлтгэл, сүүлийн үеийн барилдаан, ид барилдаж буй нас зэрэг нь өндөр хүлээлт үүсгээд байлаа. Гэвч спортын хамгийн сайхан бөгөөд хамгийн хатуу үнэн нь талбай дээрх үр дүн байдаг. Э.Батмагнай энэ удаа түрүүлж чадсангүй. Ингэснээр даян аварга болох ховор боломж ч өнгөрөв. Мэдээж улсын арслан Э.Батмагнайгийн өмнө дахин олон наадам бий. Тэр дахин түрүүлэх бүрэн боломжтой бөх хэвээр. Гэхдээ дараагийн түрүү нь энэ жилийнхтэй ижил үнэ цэнтэй байхгүй. Учир нь их ойн жилийн нэг шат ахиулсан цол олгох боломж өдөр бүр, жил бүр тохиодоггүй. Дараагийн удаа тэр түрүүлсэн ч Монгол бөхийн өнөөгийн дүрмийн дагуу улсын аварга цол хүртэнэ. Харин энэ жилийн ялалт түүнийг нэг алхмаар илүү өндөр буюу даян аварга болгож чадах байсан юм.

 

Зарим боломж хүнд ганцхан удаа ирдэг.

 

Э.Батмагнайгийн хувьд 2026 оны их ойн наадам яг ийм боломж байсан гэж хэлж болохоор байна. Тэр боломжийг ашиглаж чадсан бол тэрээр үеийнхээ бөхчүүдийг илт тэргүүлж эхлэх байлаа. Харин энэ удаад тэр ховорхон тохиох боломжоо алджээ. Одоо Э.Батмагнай өөрийн гол өрсөлдөгч Б.Орхонбаяраас эрэмбээр илүү гарахын тулд улсын наадамд гурван удаа түрүүлэх ёстой.

 

 

Э.Солонго

sonin.mn