Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газраас шатахууны хангамжийн нөхцөл байдалтай холбоотойгоор өнөөдөр /2026.07.30/ мэдээлэл өглөө.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв: Өнөөдөр үүсээд буй шатахууны хангамжийн асуудал иргэдийг тодорхой хэмжээнд бухимдуулж байна. Зарим шатахуун түгээх станцад дараалал үүсэж, орон нутагт нийлүүлэлт тасалдах нөхцөл байдал бий болсон. Ойрхи Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, ОХУ-тай холбоотой дайны нөхцөл байдлын улмаас газрын тосны бүтээгдэхүүний үнэ, нөөц, хангамжид тодорхой хүндрэлүүд үе үе гардаг. Ийм нөхцөлд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны стратегийн нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр олон бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж ирсэн.

Бидэнд хомсдол, нийлүүлэлтийн доголдол үүсгэдэг хамгийн том асуудал бол шатахууны агуулах савны багтаамж юм. Тиймээс Засгийн газраас шатахууны нөөцийн савны хүчин чадлыг нэмэгдүүлэх бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж байна.

Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил ирэх тусам эрчимтэй өсөж байгаа ч агуулах савны хүчин чадал хүрэлцэхгүй байна. Өнөөдрийн байдлаар замд яваа төмөр замын вагоны ачаатай нийлүүлээд улсын хэмжээнд ердөө 42 хоногийн нөөц бүрдүүлэх боломжтой. Харин агуулах савны багтаамж нь 30 хоногийн нөөц хадгалах хэмжээнд байна. Үндэсний их баяр наадмын өмнө 30 хоногийн нөөцөө бүрдүүлсэн. Гэвч дотоодын аялал жуулчлал эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор шатахууны хэрэглээ төлөвлөснөөс огцом өссөн. Үүнтэй холбоотойгоор бид хавраас эхлэн БНХАУ, БНСУ-тай шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллаж ирсэн.

Одоогийн байдлаар АИ-92 автобензиний 31 мянган тонн буюу 15 хоногийн нөөц, дизель түлшний 80 мянган тонн буюу 20 хоногийн нөөцтэй ажиллаж байна. Энэхүү нөөцийг богино хугацаанд нэмэгдүүлэх арга хэмжээг шуурхай хэрэгжүүлж байгаа.

Мөн БНСУ-аас газрын тосны бүтээгдэхүүн импортлох талаар хэлэлцээ хийж байгаа бөгөөд онгоцны түлш нийлүүлэхээр тохиролцоод байна. Үүнээс гадна БНХАУ-аас 6,000 тонн АИ-92 болон АИ-95 автобензин импортлохоор төлөвлөсөн.