Ө.ГАНЗОРИГ: БОДЛОГЫН ХҮҮГ ТОДОРХОЙ ХЭМЖЭЭГЭЭР ӨСГӨХ ОРОН ЗАЙ БИЙ

Монголбанкны МБЗ-ийн гишүүн, Санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч Ө.Ганзоригтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөлөөс бодлогын хүүг нэмэхийн зэрэгцээ банкуудын зохистой харьцаанд өөрчлөлт оруулах шийдвэрийг гаргасан. Энэ хоёр шийдвэр зэрэгцээд явахаар үр дүн нь хэрхэн харагдах вэ?

Мөнгөний бодлогын зөвлөл өөрөө зөвхөн бодлогын хүүгийн шийдвэрийг гаргаж байгаа. Шалгуур үзүүлэлтийн шийдвэрийг Монголбанк гаргасан. Ингэснээрээ ямар давуу талтай вэ гэхээр нэг талд нь мөнгөний бодлогыг хатууруулж  байгаа боловч нөгөө талаасаа шалгуур үзүүлэлтүүдээрээ дамжуулаад банкуудын хөрвөх чадварын хувьд асуудал үүсэхээс сэргийлж байгаа.

Мөнгөний бодлогын хүүнд өөрчлөлт оруулах урьдач нөхцөл нь юу байсан бэ? Үүн дээр дэлгэрэнгүй хариулт өгөхгүй юу?

Ер нь үүн дээр эдийн засагчид, үзэгчид ч хоёрдмол байр суурьтай байгаа байх. Юу гэж ярьж байгаа вэ гэхээр эдийн засаг хүнд байгаа үед хүүг өсгөнө гэдэг бол буруу шийдвэр гэсэн байр суурьтай эдийн засагчид бий. Нөгөө талаас заавал бодлогын хүүг өсгөхгүй бол болохгүй эдийн засгийн нөхцөл байдал үүнийг шаардаж байна гэж үзэж байгаа хэсэг ч байна. Бид энд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Эдийн засгийн хямрал гэдэг маань дотоодын нийт бүтээгдэхүүн хасах буюу сөрөг утгатай болж эдийн засаг агшихыг хэлж байгаа. Монгол улсын хувьд эдийн засгийн өсөлт боломжийн өндөр түвшинд үргэлжилсээр байгаа. Энэ нь ч бодлогын хүүг өсгөх тодорхой хэмжээний орон зай байна гэдгийг харуулж байгаа. Нөгөө талаас өнөөдөр Монгол улсад үүсч байгаа эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал маань өөрөө гадаад худалдааны балансаас үүдэлтэй. Гадаад худалдааны балансын алдагдал маань эргээд валютын ханш чангарах, огцом хэлбэлзэх байдлаар эдийн засагт сөрөг нөлөө үзүүлсэн. Тэгэхээр үүнийг хаах шийдвэрийг гаргахгүй бол эргээд харин эдийн засагт сөрөг эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэж магадгүй.

Бодлогын хүү эдийн засагт хэзээ үр нөлөөгөө өгдөг вэ?

Ер нь 6 орчим сарын хоцрогдолтойгоор эдийн засагт бодитой нөлөөлнө гэж үздэг. Миний харж байгаагаар тэр даруй үзүүлэх нөлөө бол төгрөгийн өгөөжийг өсгөнө. Тэгэхээр хадгаламж эзэмшигчдийн хувьд бага хүүтэй доллараар долларын ханш өснө гэж хүлээж барих уу, эсвэл хадгаламжийн хүү нь өсөөд ирэхээр өндөр хүүтэй төгрөг барих уу гэдэг асуудал гарч ирнэ. Нөгөө талаас долларын ханш гучаад хувиар өсчихөөд байгаа. Өсчихөөд байгаа валют маань дахиад цаашаа хэдэн хувь өсөх вэ гэдэг дээр нэлээд эгзэгтэй болоод ирнэ. Ингэснээрээ алсдаа долларжилтыг тодорхой хэмжээгээр сааруулна. Хоёрдугаарт хүлээлтийг эерэг чиглэлд өөрчлөх давуу талтай.

Сүүлийн нэг жил орчмын хугацаанд бодлогын хүүнд өөрчлөлт ороогүй байсан. Энэ удаагийн шийдвэрийг гаргахын тулд нэлээдгүй хугацаа зарцуулагдлаа гэж харж байна. Энэ удаагийн хурлын дотоод уур амьсгалын хувьд гадаад хүлээттэйгээ хир зохицсон уулзалт болсон бэ?

Ер нь хүлээлт нийт эдийн засагчид, олон нийтийн дунд бүрдсэн байсан гэж харж байна. Хэдэн хувиар өсгөх үү гэдэг дээр асуудал байсан байх. Монгол улс сүүлийн хоёр жил хоёроос гурван том асуудал дээр гол хүлээлттэй байлаа ш дээ. Үүний нэг нь Оюутолгой төслийн хоёрдугаар шат болон Засгийн газар Оюутолгой компани хоорондоо асуудлаа бүрэн шийдэх. Хоёрдугаарх нь, нүүрсний салбар буюу Таван толгойн нүүрсний асуудал. Гуравдугаарх нь, нуруугаа харуулсан гадаадын хөрөнгө оруулагч нар хэзээ эргэж ирж эхлэх вэ гэсэн гурван асуудал дээр хүлээлттэй удаан явсан. Энэ хүлээлт бидний хувьд бас байсан. Гэтэл хүлээлтүүд биежихгүй, материаллаг болж чадахгүй байгаа гэсэн эгзэгтэй байдал үүссэн.

Мөнгөний бодлогын мэдэгдэлд гадаадын шууд хөрөнгө оруулалт, төлбөрийн тэнцлийг сайжруулах арга хэмжээний үр дүн хангалтгүй байна гэсэн ийм дүгнэлт байна. Өнгөрсөн удаагийн хоёр сарын хурал дээр банкуудын гадаадаад татан төвлөрүүлж байгаа гурав хүртэлх жилийн хугацаатай гадаад валютын эх үүсвэрийг заавал байлгах нөөцийн шаардлагаас хасна гэсэн байгаа ш дээ. Тэгвэл энэ хугацаанд банкууд дээр ямар ахиц гарсан бэ?

Энэ өгүүлбэрийг маш зөвөөр томъёолж ойлгох хэрэгтэй. Яагаад вэ гэхээр гадаад худалдааны баланс маань өөрөө засгийн газрын буюу сангийн яамны удирддаг баланс байж байгаа. Мөн төсвийн баланс байгаа. Тэгэхээр энэ хоёр тэнцэл дээр засгийн газар Монголбанк гэсэн хоёр үндсэн субект явж байгаа, эдийн засгийн бодлогын хувьд.  Засгийн газар, Монголбанк хоёр яг хоорондоо уялдаа холбоотой зэрэг ажиллаж чадах ёстой. Тэгэхээр зарим талаараа бол гадаадын хөрөнгө оруулалтыг эргүүлж татах хууль эрхзүйн орчны шинэчлэл, энэ бол улсын их хурал дээр гарах асуудлууд. Энэ маань нэлээд хоцрогдолтой гарч байгаа, удааширч байгаа талууд байгаа. Ашигт малтмалын тухай хууль байж байна. Энэ нь гадаадын томоохон хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байдаг хууль. Энэ хуулийн шинэчлэлт гэхэд маш удаж байж гарч байх жишээтэй. Иймэрхүү асуудлууд байгаа шүү, ийм санаа агуулагдаж байна гэж тайлж болно.

Төлбөрийн тэнцлийн балансыг сайжруулахын тулд өөр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай вэ?

Миний харж байгаагаар гадаад худалдааны балансын хямрал гэж ярья л даа, энэ бол ерэн оноос хойш манай улсад тав, зургаан удаа тохиолдлоо. Энэ удаагийнхаас өмнө нь 2009 онд тохиолдсон. Манай экспортын хамгийн гол бүтээгдэхүүн болох  зэсийн ханш олон улсын зах дээр 8000 доллараас 2700 доллар хүртэл унахад бид төсвийн асар том хямралд орсон. Одоо энэ удаа зэс гэдэг сэдэв маань солигдоод нүүрс болж хувираад байна. Нүүрсний ханш Хятадын зах зээл дээр унаснаас болоод гадаад балансын алдагдалд орсон. Тэгэхээр олон нийт юуг ойлгох ёстой вэ гэхээр манайд үүсээд байгаа долларын хэлбэлзэл, гадаад худалдааны балансын алдагдал бол  эдийн засгийн суурь бүтцийн хямрал юм. Суурь бүтэц буруу байгааг харуулж байна. Эдийн засаг 90 хувь нь уул уурхайгаас хамаарч байгаагийн буруу юм. Аливаа засгийн газрын нэг төсөл хөтөлбөр юм уу, мөнгөний бодлогын нэг шийдвэрээр энэ засагдана гэж ойлговол маш буруу хүлээлт болно. Харин эдгээр шийдвэр нь огцом шокийг зөөлрүүлэх, хөнгөвчлөх л үүрэгтэй шийдвэр. Тэрнээс урт хугацаанд эдийн засгийн бүтцийг өөрчилж чадахгүй шүү дээ.

Монгол улсын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал дээр ямар эерэг хүлээлтүүд байгаа вэ?

Найман сард манай хоёр хөршийн тэргүүнүүд Монгол улсад айлчлах тухай мэдээ байгаа. Энэ айлчлалаар стратегийн томоохон хэлэлцээрүүд дээр гарын үсэг зурна гэсэн хүлээлт зах зээл дээр үүссэн. Ялангуяа гадаадын шууд хөрөнгө оруулагчдын хувьд эерэг хүлээлт үүссэн.

 Ярилцсанд баярлалаа.

М.Саруул