Хэдэн өдрийн дараалан орсон борооны улмаас гол усны түвшин нэмэгдэж үерлээд буй талаар албаны хүмүүс сонор сэрэмжтэй байхыг иргэдэд байнгын анхааруулж байгаа юм. 

Тэгвэл Сэлбэ голд хоёр хүүхэд живж байсныг иргэд аварчээ. Тодруулбал, нэгэн иргэн сошиалд "Хоёр хүүхэд тоглож байсан юм.  Гэтэл нүдэн дээр минь живчихлээ.

Нэг нь амьсгалахгүй гарч ирсэн ч яаралтай цээж нуруун дээр нь дарж байж амьсгал орууллаа. Амнаас нь цагаан хөөс сахран амьсгал нь боогдсон байсан. Нөгөө хүүгийн живсэн усыг нь яаралтай бас цээжин дээр нь дарснаар маш их усаар бөөлжиж гаргасан хүү уйлснаар нэг санаа амарсан.

Яг хажууд нь хараад сууж байсан тулдаа найз бид хоёр живж буй хоёр хүүг анзааран сандарсандаа хичнээн чанга орилж байж тэднийг татан гаргаж, мөн амьсгалахгүй байгаа нэг хүүг хажуугаар явж байсан Будхүү хэмээх залуу шууд гүйн орж гаргаж ирснээр аз болж хүүхдүүд эсэн мэнд гарлаа.

Шууд гүйн орсон залууд баярлаад ханашгүй.  Живсний дараах шоконд орсон байсан бөгөөд яаралтай түргэн тусламж дуудан ирж үзэхэд хүчилтөрөгч нь унасан байсан тул эмнэлэг рүү шилжүүлэн авч явлаа.

Ямар азаар бид 2 яг сууж анзаарч харав аа, ямар азаар аварч чадав аа, яаж ашгүй хугацаа алдсангүй вэ гээд үнэхээр баярлаж байна. Бороо орж усны түвшин нэмэгдсэн энэ үед үр хүүхдүүддээ сайн анхааруулан хэлээрэй эцэг эхчүүдээ. андарсан шокноосоо одоо ч сайн гарахгүй салгалаад байна шүү" хэмээн бичжээ.