Шатахууны хомсдолоос шалтгаалж аялал жуулчлалын салбар тэг зогсолтод хүрсэн гэв
2 цагийн өмнө
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо (АЖМХ) болон салбарын бизнес эрхлэгчид шатахууны хомсдолоос үүдэн тэг зогсолтод хүрсэн талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр АЖМХ-ны дэд ерөнхийлөгч Б.Дуламсүрэн: "Шатахууны хомсдолоос шалтгаалан манай салбар тэг зогсолт хийхээс аргагүйд хүрлээ. Яагаад ийм хүнд байна гэж хэлж байна вэ гэхээр долдугаар сар, наймдугаар сар бол манай улсад аялал жуулчлалын ид оргил улирал байдаг. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулаад үзэхэд манай улсад энэ сард 120,000 жуулчин ирнэ гэж тооцсон. Энэ бол шатахууны хомсдол болон агаарын тээврийн үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор жуулчдын тоо буурна гэж тооцсон. Хэрвээ одоогоор захиалга өгсөн байгаа жуулчид огт цуцлахгүйгээр тооцвол 150,000 гаруй жуулчин ирнэ.
Монголд ирсэн жуулчид ганцхан Улаанбаатарт ирээд буцдаггүй. Улс орон даяар аялж байдаг. Хөвсгөл, Өмнөговь гэх мэт газруудаар аялдаг. Гэтэл аялал жуулчлалын энэ бүсүүдэд шатахуун олдохоо больсон. Үүнээс үүдэлтэйгээр тэг зогсох нь сөрөг үр дагавартай.
Одоогийн байдлаар захиалга өгсөн хүмүүсийн тоог харахад жуулчдад 15,000 жолооч үйлчлэхээр байна. Эдгээр жолоочид янз бүрийн тээврийн хэрэгслээр дор хаяж долоо хоног хөдөөгүүр явахад 300-400 орчим литр бензин хэрэглэдэг. Үүнээс тооцоход манай салбарт зөвхөн наймдугаар сард гэхэд 6,000 тонн шатахууны хэрэгцээ байгаа юм. Тиймээс шатахууны хомсдолтой холбоотойгоор ийм эрсдэл үүсэх гээд байна гээд хариуцсан яамдаас мэдээлэл өгөхийг хүссэн. Бид ийм эрсдэл үүсэж болзошгүй гэж үзсэн учраас наадмын өмнө хүсэлтээ тавьсан юм. Бидэнд "Ямар ч айх зүйлгүй. Бид хангалттай бензин нөөцөлсөн байгаа" гэсэн хариу ирсэн. Гэтэл наадмын амралтын дараагаар өнгөрсөн сарын 20-нд ажил цуглахад нөөц дууссан, онцгойн нөөцийг хэрэглэж байна гэж мэдээлэх болсон.
Одоо бид өдөр бүр орж ирдэг шатахууны нөөц хэд байна вэ гэдгийг айдастайгаар харж эхэллээ. Өдөрт 1,000-3,000 тонн бензин орж ирлээ гэдэг. Гэтэл энэ бол Монгол Улсын хувьд нэг өдрийн хэрэгцээ. Нэг өдөр хэрэглэх шатахууны нөөцтэй байж яаж энд тэнд явж байгаа жуулчдыг Монгол Улсад аюулгүй зорчуулах вэ гэдэг нь хяналтаас гарчихсан.
Бид энэ асуудлаар Г.Дамдинням, Б.Дэлгэрсайхан сайд руу хандаж үзлээ. Ямар ч хариу алга. Албан бичгүүд маань агаарт замхарч алга болж байна. Бидний зүгээс яг бодит мэдээлэл өгөөч гэдэг л шаардлага тавьдаг. Бодит мэдээлэлтэй байж л цаашид жуулчдад зөв мэдээллээ хүргэх боломжтой. Гэнэт ийм юм болсон мэт ирэх саруудын аяллыг яах вэ гэдэг асуудал яригдаж байна. Ес, аравдугаар сард ганцхан газарт байгаа бензин дээр асуудал үүсээгүй. Онгоцны бензиний нөөц багассан, нэг өдөр хүртэл буурсан гээд байгаа. Одоо бүр нисэх үү гэдэг асуудал яригдаж байна.
Нислэг байхгүй бол жуулчид аяллаа цуцлах хэрэгтэй болно. Ингээд нэг жуулчнаас орж ирдэг дундаж орлого дээрээ бодоод үзэхэд нийт 1.2 их наяд төгрөгийн хохирол яригдана.
Бид төрийн албаны хүмүүст хандаад яаралтай шийдвэр хэрэгтэй байна гэхээр өөдөөс "дайны нөхцөл байдлаас болж байна" гэдэг. Иран, АНУ-ын дайн дөнгөж эхлэнгүүт бидэнд мэдээлэл өгөөч гээд хандахад нөөц хангалттай байгаа гэж худлаа мэдээлэл өгдөг. Бид ганцхан үнэн зөв мэдээлэл өгөхийг л хүсэж байна. Уулзалт хийх хүсэлтэй байгаа ч бидэнд олддоггүй. Гурван яам, холбоотойгоо дөрвөн талаасаа уулзалт хийх хүсэлтэй байна" гэв.







Зочин · 31 минутын өмнө
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh
Зочин · 1 цагийн өмнө
URN SHINEGENE AMSAAD BOOW XXN BOOW DOLOOX80955877ANUSDI