Худалдагч Н.Амарзаяа: Дэлгүүрийн 32 хуудастай өрийн дэвтэр долоо хоногт л дүүрдэг
1 цагийн өмнө
Наадмаас хойш юмны үнэ өсч, хаа сайгүй шатахууны хомсдол үүсээд хөдөө хотгүй иргэд бухимдалтай байна. Төр засгийн зүгээс наадмын үеэр иргэдийн замын хөдөлгөөн тэдний тооцоолсон төлөвлөгөөнөөс давсан гэсэн тайлбар тавьж, шатахуун олголтонд хяналт тогтоож, хязгаарлах журмууд гаргаж мөрдөж эхэллээ.
Энэ нь нэг машинд олгох шатахууныг 50 литрээр хязгаарлаж, машины дугаарын тэгш сондгойгоор олгох журам гаргасан байна. Ерөнхий сайд, орон нутгийн товлолт баяр, арга хэмжээнүүдийг цуцалж байгаагаа мэдэгдсэн байна.
Шатахууны хомсдлын хажуугаар валютын ханш өсч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн талаар хотын иргэдээс сурвалжиллаа.

III сургуулийн автобусны буудал дээр жинсэн өмдний худалдаа эрхэлж буй иргэн: Наадмаас хойш худалдан авалт муу байна аа.
Одоохондоо наадмын өмнө татсан бараагаа худалдаалж байгаа болохоор барааны үнэ нэмэгдээгүй байна. Гэсэн ч хүмүүс гар дээрээ бэлэн мөнгөгүй байгаа нь мэдэгдэж байна. Удахгүй сургууль цэцэрлэгийн бэлтгэл ажил эхлэхээр яана даа гэв. Хажуу талын сүүдрэвчинд жимс жимсгэнэ худалдагч иргэн: Цагийн ажил хийх боломжгүй учраас цаг нар гэдэггүйгээр нь, зуны цагаар ингээд суудаг. Уг нь цалин хүлээхгүй өдөр тутамдаа орлоготой байдаг. Сая наадмын дараагаас жимснүүд нэмэгдсэн ч худалдан авалт илт буурчихлаа. Хайрцаг жүржийг 75.000 төгрөгөөр авдаг байсан 90.000, хайрцаг алим 80.000 төгрөгөөр авдаг байсан 95.000 болсон байгаа. Нэг уут нь 10.000 төгрөгөөр авдаг байсан жимсээ 12.000 гээд хэлэнгүүт хүмүүс сонсоод л яваад өгөх жишээтэй л байна гэж ярилаа.
Автобусны буудал дээр таарсан дунд эргэм насны бүсгүй: -Манайх дөрвөн хүүхэдтэй, манай нөхөр, том хүүтэйгээ барилга дээр ажиллаж байгаа. Нөхөр хагас сардаа сая гаруй төгрөг авдаг. Сонсоход дажгүй юм шиг хэрнээ сая байрны лизингээ төлөөд, цахилгаан дулаан, хэрэглээний мөнгөнд 400.000 орчим төгрөг, идэх хонь 585.000 төгрөгөөр аваад л үлдсэн нь ойр зуурын ахуйн хэрэглээнд үрэгдээд л дууслаа. Орон сууцны цахилгаан дулааны үнэ бас л нэмэгджээ.Би өөрөө дунд сургуульд багшаар ажилладаг, одоо арай ороогүй байна. Наймдугаар сарын 20-ноос орно. Хүү маань 17-той, насанд хүрээгүй ч гэсэн, энэ жил оюутан болж байгаа болохоор төлбөрт нь нэмэрлэнэ гээд аавтай нь хамт ажил хийлгэж байгаа. Наадмын амралтаар нутаг яваад ирсэн. Амралтын мөнгөөрөө явахад зардал яагаад ч хүрэхгүй болоод нэмж зээл аваад яваад ирсэн. Зуны амралтаараа аав ээжийгээ зорьж очихгүй бол болохгүй юмаа. Ирээд мөнгө төгрөг тааруу болсон учраас сая наймдугаар сарын нэгнээс айлын хүүхдэд цагийн давтлага өгч байна.
Хааяа би боддог юм, цалингаараа амьдралаа хүргэдэг болох юмсан гэж. Бид ажиллаад байхад хүрэлцэж өгөхгүй л байна шүү. Удахгүй хичээл орлоо, дөрвөн хүүхдийн хичээлийн бэлтгэл ажил гэж бас л мөнгө хэрэгтэй болно гэж ярьсан юм.
Нисэхийн эцсийн “Дэлгэрэх” хүнсний дэлгүүрийн худалдагч Н.Амарзаяа: -Манай энэ хавь хэцүү шүү дээ. Талх, байцаа таллаж граммлаж авна. Энэ хавийнхан гэхдээ өдөржин хар ажил хийж олсон мөнгөөрөө бэлэн гоймон, ундаа л их авах нь харамсалтай. Олон жил энд амьдарсан болохоор, энэ хавийнхан андахгүй. Өрийн дэвтэртээ тооцоо бичихгүй өдөр байдаггүй, 32 хуудастай өрийн дэвтэр долоо хоногт л дүүрнэ шүү дээ. Юмны үнэ өсөөд л, хүмүүсийн амьдрал доройтоод л байна даа гэж байлаа.
“Божин” төвөөр үйлчлүүлж явсан бүсгүй: -Хэцүү л байна, хүүхдийн хувцас хунар, хоол хүнс үнэ өсөөд л байх юм. Хүүхдүүдээ аав ээжийндээ хөдөө явуулаад ажлаа хийж байсан. Ээж маань эмнэлгээр явах гээд зээ нараа аваад ирсэн. Цалингаа зээлэнд өгөөд илүүгээр нь бид гурав болгодог юм. Хөвгүүд маань өвдөхгүй л байвал бусдыг нь болгоно оо гэж яриад 30.000 төгрөгийн үнэтэй пүүз хоёрыг авч хөвгүүдээ баярлуулаад гарч одлоо.
“Божин” төвийн лангууны худалдагч Д.Д: Арваад жил, гутал, хувцас зарж явна. Одоо намрын бэлтгэл ажил, бараа таталтаа хийж байна. Юань өсөөд, чингэлэг барааны үнэ, карго гээд бүгд өссөн дүнгээр төлөгдөж байна. Хэдийгээр үнэ боломжийн гутал хувцас худалдаалдаг ч худалдан авагчдаа өрөвдөөд үнээ буулгаж доошлуулах явдал зөндөө гардаг. Жилээс жилд юмны үнэ өсч, иргэдийн амьдралын чадавхи нүдэн дээр буурч байна аа. Манай улсад яагаад юмны үнэ өсөөд байдгийг ойлгохгүй юм. Тэгээд эргээд бууна гэж байхгүй. Төрд 126 гишүүн гарсны хэрэг юу байна. Юу сайжрав, иргэдийн амьдрал лав биш, гэлээ.
Барилгын материалын дэлгүүрийн худалдагч: Одоо ид намрын засварын ажил эхэлж байна. Үнэ ханш одоогоор нэмэгдээгүй байгаа, дараагийн материал таталтаас нэмэгдэж л таарах байх. Гэхдээ өмнө жилүүдийг бодвол худалдан авалт тааруу байна. Уг нь өдийд бужигнаж байдаг сан, урт амралт, бензин тосны хомсдолоос ч юмуу урьд жилүүдийг бодвол хөдөлгөөн сийрэг байна шүү гэцгээж байлаа.
Барилгын материал цуглуулж яваа иргэн Б.Энхбаяр: Ээжийнхээ байрыг засч байна, 100 айлаар яваад ухаан алдах гээд л байна шүү. Хоёр жилийн өмнө 200.000-300.000 төгрөгийн үнэтэй байсан хаалга 500.000-600.000 төгрөг болсон байх юм. Манайд үнэ яагаад ийм тогтворгүй байдаг юм бүү мэд гэв.
11 дүгээр хорооллын хүнсний дэлгүүрийн худалдагч эмэгтэй Нараа: Зуслан лагерь хөдөө гадаанаас хүмүүс орж ирээгүй байх шиг байна. Өдийд нэг иймэрхүү болчихдог. Юмны үнэ бол үнэхээр нэмэгдэж байна. Өргөн хэрэглээний бараа ирэх бүртээ 200 төгрөг, мах бол 500 төгрөгөөр нэмэгдэж байгаа шүү. Одоо удахгүй хичээл сургууль эхлэхээр тэр чигээрээ хүмүүс мөнгөгүй болчихно, зээл бичүүлж эхэлдэг дээ. Гоё тансаг юм худалдаж авахаа больсон шүү дээ. “Мах импекс”-ийн хиам гэхэд саяхан 12.000-13.000 төгрөг байсан бол одоо 22.000-23.000-тай болсон гээд л бод. Тэгэхээр иргэдийн амьдралын түвшин төдий чинээ буурч байгаа байх. Нийтээрээ л өдөр хоногийг аргацааж байна уу даа гэсэн юм.
Б.ДАРИЙМ







Зочин · 59 минутын өмнө
BOOW DOLOON XUCHINDX ZALYYSTAI SADARLX80955877
Зочин · 60 минутын өмнө
BOOB XXN BPOW DOLOOGD ANUSDAX80955877