Улсын хэмжээнд шатахууны хомсдол үүссэнтэй холбоотойгоор иргэдийн эрэлт хэрэгцээг ашиглан цахим орчинд хуурамч зар мэдээлэл байршуулж, мөнгө шилжүүлэн авч залилан үйлдэх тохиолдол нэмэгдэж байна.

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр сүүлийн хоногийн хугацаанд “Шагийн бензин зарна” гэсэн зарын дагуу иргэн “О”, “Д” нар мөнгө шилжүүлж, нийт 500 орчим мянган төгрөгөөр хохирсон тохиолдол бүртгэгджээ.

Түүнчлэн шатахууны хомсдолыг далимдуулан “Шатахууны талон зарна”, “Талонтой бол дараалалгүй шатахуун авна” гэх мэдээллийг цахим орчинд түгээж, иргэдийг урьдчилгаа төлбөр шилжүүлэхийг шаардах тохиолдол гарч байна.

Мэргэжлийн байгууллагаас тодруулахад, шатахуун талон авсан иргэд дараалал дайрах давуу эрх эдлэхгүй. Иймээс “Талон авбал дараалалгүй шатахуун авна” гэх мэдээлэл нь иргэдийг хуурч, мөнгө шилжүүлэхэд хүргэж буй цахим залилан байх өндөр эрсдэлтэйг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр залилагч этгээдүүд иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан гэмт хэргийн арга хэлбэрээ богино хугацаанд өөрчилж байна. Тиймээс цахим орчинд “Шагийн шатахуун зарна”, “Талон зарна” гэх зар мэдээлэлд шууд итгэхгүй байхыг анхааруулж байна.

Мөн шатахууны хомсдолтой холбоотойгоор иргэдэд зориулалтын бус сав, зориулалтын бус газарт шатахууныг хууль бусаар жижиглэн худалдаалах тохиолдол бүртгэгдэж байгаа аж.

Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 7.14 дүгээр зүйлийн 3.3-т заасан газрын тосны бүтээгдэхүүнийг хуульд заасан шаардлага зөрчин худалдаалсан зөрчилд хамаарах бөгөөд иргэнийг 200 нэгжтэй тэнцэх хэмжээний, хуулийн этгээдийг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгуулиар шийтгэхээр заасан байна.

Иймд иргэд:

-Цахим орчин дахь баталгаагүй шатахуун, бензиний зар мэдээлэлд итгэхгүй байх

-“Шагийн бензин”, “талон” нэрээр худалдаалж буй зүйлд мөнгө шилжүүлэхгүй байх

-Урьдчилгаа төлбөр нэхсэн зар, мэдээллийг нягтлах

-Зориулалтын бус сав, газраас шатахуун худалдан авахгүй байх

-Сэжигтэй зар, мэдээлэлтэй таарвал холбогдох байгууллагад мэдээлэх шаардлагатайг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.