Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалайг хахууль авах, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан хуулийн байгууллагаас шалгах ажиллагаа дуусаагүй үргэлжилж байна.

Эл асуудлаар түүнийг өнгөрсөн тавдугаар сарын 22-ноос хойш цагдан хорьж эхэлсэн юм. Хамгийн сүүлд долоодугаар сарын 22-нд түүнийг цагдан хорих хугацааг шүүхээс 30 хоногоор сунгасан байдаг.

Тэгвэл албаны эх сурвалжийн мэдээллээр, энэ сарын 7-ны өдөр Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны тойргийн шүүхээс түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол улсын хилээр гарах эрхийг хязгаарлан, суллажээ.

Хэргийг нэхэн сануулвал, 

  • Туулын хурдны зам, 1-р тойрог зам төсөлд шалгарсан ААН-үүдээс эхнэрийнхээ болон түүний үеэл дүүгийн үүсгэн байгуулсан компанид 5.6 тэрбум төгрөг,
  • Эхнэрийнхээ найзын үүсгэн байгуулсан 2 ААН-д 709 сая төгрөг,
  • Эхнэрийнхээ 50 хувийг эзэмшдэг компаниар 47.9 сая төгрөгийг шилжүүлэн авч, ажил гүйцэтгэсэн мэтээр мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэдгийг цагдаагийн байгууллагаас олон нийтэд мэдээлсэн юм.