Х.Болормаа: Иргэдээ сонсож байж дараагийн хийх ажил, санаачлах хуулийн төслүүд тодорхой болно
1 цагийн өмнө

УИХ-ын гишүүд иргэдтэй биечлэн уулзаж, санал, хүсэлтийг нь хүлээн авах сувгийг нэмэгдүүлэх зорилгоор “Нээлттэй парламент” танхимыг зургаадугаар сарын 30-ны өдөр нээсэн. Тэгвэл тус танхимд УИХ-ын гишүүн Х.Болормаа өчигдөр ажиллаж, иргэд олон нийттэй уулзсан юм. Энэ үеэр түүнээс дараах тодруулгыг авлаа.
-Таны хувьд өнөөдөр/өчигдөр/ “Нээлттэй парламент” танхимд ажиллаж байна. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Би бүр олзуурхаж, энэ өдрийг сонгон “Нээлттэй парламент” танхимд ажиллах хүсэлтээ өгөөд өнөөдөр/өчигдөр/ энд ажиллаж байна. Энэ танхимыг нээн ажиллуулж, УИХ-ын гишүүдийг иргэд, олон нийттэй биечлэн уулзах боломжоор хангаж байгаа УИХ-ын дарга С.Бямбацогт, Тамгын газрынхандаа талархаж буйгаа илэрхийлье. Учир нь миний бие анхан шатнаас нь эхлээд Сүхбаатар дүүрэгтээ хориод жил ажилласан хүн. Тийм болохоор иргэдтэйгээ хамгийн ойр байсан.
-Тэгэхээр дүүргийн тань иргэдээс танд нэлээд ханддаг уу?
-Тэгж хэлж болно. Тийм ч болохоор баяр наадмын үеэр энэ танхимыг нээснийг хараад ер нь энд нэг уулзалт хийх нь зөв юм байна гэж бодсон. Яагаад гэхээр над руу олон нийт маань дандаа хувь чат, мессежээр уулзах хүсэлт тавьдаг юм. Яг ингээд уулзалтаа хийгээд суусан чинь хүмүүс нэлээд идэвхтэй оролцож байгаад баяртай байна.
-Ямар насны хүмүүс ирж байна. Тэдний тавьж байгаа асуулт, хүсэлт ер нь юу байна вэ?
-Өглөөнөөс хойш ирсэн хүмүүсийн маань ихэнх нь ахмадууд байлаа. Тийм болохоор нөгөө л тэтгэвэр, тэтгэврийн зээлийн асуудлыг голчлон ярьж байна. Тэтгэврийг нэмэх, 2024 оны сонгуульд өгсөн амлалтаа биелүүлээч. Танай нам хүчтэй сөрөг хүчин байж яагаад энэ ажлыг хөндөхгүй байгаа юм гэдэг зүйлсийг ярьж байна. Биечилж уулзаж байгаа учраас тэр хүмүүстээ аль болох зөв талаас нь тайлбарлах, боломжит хувилбаруудын тооцоо, судалгааг хийж байгаа гэдгээ хэллээ. Мөн Сүхбаатар дүүргийн иргэд бас нэлээд ирлээ. Тэрийгээ дагаад дүүргийн Газрын албатай холбоотой асуудлууд, СӨХ-дын талаар ч хүсэлт тавьлаа. Ер нь иргэдээ сонсож байж дараа дараагийн хийх ажил, хуулиудын санаачилга, ямар хуульд нэмэлт оруулах гээд олон зүйлээ тодорхойлно. Тиймээс ингэж уулзалт хийх нь маш чухал ажил боллоо гэж хувьдаа харж байна.
Т.ДАРХАН
ӨДРИЙН СОНИН







Зочин · 52 минутын өмнө
BOOW TAWITAL XUSNEER XXMOOR BOOW DOLOOMOOR ANUSDAAD BIEE UNELELN80955877