Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар "Моод" Болдоо нэрээр олонд танигдсан Б.Болдыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын орон тооны бус Үндэсний зөвлөлийн дэд даргаар томиллоо.

Ерөнхий сайд Н.Учрал энэ талаар "Өнгөрсөн таван жил зам тээврийн ослоор 312 хүүхэд амь насаа алдаж, 3861 хүүхэд гэмтжээ. Бараг 10 цаг тутамд нэг хүүхэд зам тээврийн ослоос болж хохирч байна.

Эрх бүхий байгууллагууд нь жил бүр нөлөөллийн аян хийж төсөв зарцуулдаг ч үр дүн гарахгүй байна. Тийм учраас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын орон тооны бус Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг сэргээж байна. Үндэсний зөвлөл хоёр дэд даргатай үйл ажиллагаа явуулна. Нэг нь хуулиар Зам тээврийн сайд ажиллана. Нөгөө дэд даргаар Б.Болд буюу та бидний мэддэгээр “Моод Болдоо”-г томиллоо" хэмээн мэдэгдсэн юм.

Харин Үндэсний зөвлөлийн дэд дарга болсон Б.Болдыг олон нийт "Х.Нямбаатартай олон жил үзэлцсэнийхээ шанг дорвитойхон хүртлээ" гэж ч үзэж байна.

Түүний хувьд программист мэргэжилтэй бөгөөд өмнө нь СӨХ-ны даргаар ажиллаж байсан.