Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны улсын төсвийн тодотголын талаар танилцууллаа.

Тэрбээр “Томилолт, сургалт, сурталчилгаа, тавилга, машин техник, зөвлөх үйлчилгээ, тэтгэмж, шагнал, форум, хурал, ёслол, илүү шатахуун, цаасны зардлыг бүхлээр нь танаж, төр бүсээ чангалсан шиг чангалж, 1.4 их наяд төгрөгийг хэмнэсэн төсвийн тодотголыг өргөн мэдүүллээ.

Бид урсгал зардлаас 433 тэрбум, нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум, хөрөнгийн зардлаас 249 тэрбум төгрөгийг бодитоор хэмнэж байна.

Төр зардлаа танахдаа төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг бүгдийг нь бууруулсан. Зөвхөн төрийн албан хаагчдын цалинг тавиад үйл ажиллагаагаа явуулна. Нийт 433 тэрбум төгрөгийг сайд нарын багцаас хэмнэсэн.

Ингээд 1.4 их наяд төгрөгийг хэмнэсний үндсэн дээр нэг их наяд төгрөгийг:

  • Боловсролын салбарын дутагдсан цалингийн зардал,
  • Эрүүл мэндийн салбарын цалинг нэмэгдүүлэх,
  • Соёл, спорт, бусад төрийн үйлчилгээний салбарын цалинг нэмэгдүүлэх,
  • Нийгмийн даатгалын хуулийн хэрэгжилтийг наашлуулж, ахмадуудад суурь тэтгэвэр олгох зэрэгт зарцуулна. 

Харин 400 тэрбум төгрөгийг: 

  • Мах, гурил, хүнсний ногооны хангамжийг тогтворжуулна,
  • Хэрэглэгчдэд ирэх ачааллыг зохистой хэмжээнд хөнгөлж, эрчим хүчний тарифын алдагдалд татаас олгоно,
  • Эрчим хүчний салбарын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл,
  • Гэрт ойр сургууль хөтөлбөрт зарцуулна" хэмээн танилцууллаа.