Монголын нүүдэлчин ард түмний Соёлын биет бус өвийн олон илэрхийллийг хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, өвлөн уламжлагчдыг алдаршуулах, үндэсний болон олон улсын түвшинд сурталчлан таниулах “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль өнөөдөр Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд эхэллээ.

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн суурийг 1948 онд Ерөөлч магтаалчдын улсын анхдугаар уралдаан, 1966 оноос “Ардын язгуур урлагийн наадам”, 1991 оноос “Ардын урлагийн их наадам”, 2018 онд “Соёлын биет бус өвийн их наадам”, 2022 онд “Нүүдэлчин” Соёлын биет бус өвийн наадам нэртэйгээр үндэсний хэмжээнд, 2023, 2024, 2025 онд олон улсын хэмжээнд зохион байгуулж ирсэн түүхтэй.

Энэхүү фестиваль нь  Монгол Улсад оршин буй угсаатны бүлгүүдийн соёлын биет бус өвийн онцлогийг олон нийтэд таниулах, байгаль, уур амьсгалын өөрчлөлттэй зохицон амьдрах түүнтэй харилцан шүтэлцэж ирсэн уламжлалт мэдлэг, арга ухааныг түгээн дэлгэрүүлэх зорилготой бөгөөд энэ сарын 21, 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулагдана. 

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн үеэр аймаг, нийслэлийн отог, “Соёлын өвийн өртөө”, “Нүүдэлчдийн ертөнц: Өнгөрсөн ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал, “Жуулчны хоолны гудамж”, “Жижиг дунд үйлдвэрлэлийн” үзэсгэлэн худалдааг зохион байгуулахын зэрэгцээ соёлын биет бус өвийн оршин тогтнох чадварыг тодорхойлох үзлэгийг үргэлжлүүлэн фестивальд оролцогч өвлөн уламжлагчдаас өвийн оршихуйд хамаарах мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийх ажлыг зохион байгуулдаг уламжлалтай.