Ардчилсан нам нийслэлд ялсан ганц дүүргийн даргаараа “туг тахих уу”
54 минутын өмнө

2024 оны УИХ-ын сонгуулиар Улаанбаатар хотод АН цорын ганц дүүрэгт ялсан нь Сүхбаатар дүүрэг билээ. Гэтэл сүүлийн үед энэ дүүргийн даргаа МАН-тай нийлж огцруулж ч магадгүй юм яригдах боллоо. Шалтгаан нь тун инээдэмтэй зүйлээр. Нөгөө зуны дуулиан хадаагаад байсан “С.Зоригийн хөшөөг зөөх зөвшөөрөл өгсөн” гэдэг юмаар хэлэлцүүлэг зохион байгуулж албан тушаалтай нь ярина ч гэх шиг. Нийслэлд ялсан ганц дүүргийн даргаараа АН ийнхүү “туг тахих” болоод явчихлаа. Туг тахина гэж юу гэсэн үг гэдгийг хүмүүс хэлүүлэлтгүй мэдэх биз. Золиос болгоно л гэсэн үг. Яагаад Ардчилсан нам өөрийн хүнээ ингэж магадгүй гэж хардаж байна гэвэл тэд эс үйлдлээр энэ бүгдийг харсаар сууна. УИХ-д дөч гаруй гишүүнтэй энэ том сөрөг хүчин энэ бүгдийг “Элсэнд толгойгоо шургуулсан тэмээн хяруул” мэт өнгөрүүлж байгаа нь харамсалтай юм. Яг тэр зөвшөөрөл өгсөн хүн нь хотын дарга Б.Пүрэвдагва гэдэг нь юм шиг байна лээ. Энэ бүгдийг АН мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Тэгээд яагаад гүлдийгээд юу ч дуугарахгүй байгааг ойлгохгүй байгаа талаараа улс төрийн хүрээнийхэн аль хэдийнэ яриад эхэлсэн байна. Ялалт хэрэггүй улс төрийн нам гэж энэ дэлхийд байдаггүй, харин манай АН-д хэрэггүй байдаг юм байх даа.
Ж.НАЦАГ
Өдрийн сонин






