Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан Туркийн Байгаль орчин, хотжилт, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Фатма Варанктай уулзлаа
56 минутын өмнө
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН БНТУ-ЫН БАЙГАЛЬ ОРЧИН, ХОТЖИЛТ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ДЭД САЙД, ХАТАГТАЙ ФАТМА ВАРАНК НАР ХОЁР ТАЛТ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар Бага хурал үргэлжилж байна. Энэ хүрээнд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан өчигдөр /2026.08.24/ Бүгд найрамдах Турк улсын Байгаль орчин, хотжилт, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд, хатагтай Фатма Варанктай хоёр талт уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтад Монгол Улсын талаас Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, тус яамны ХБОСБЗГ-ын дарга О.Одбаяр, ГХАХ-ын дарга Б.Анх-Оргил, ахлах шинжээч Б.Цолмон-Эрдэнэ нар, Бүгд найрамдах Турк улсын талаас Байгаль орчин, хотжилт, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд, хатагтай Фатма Варанкаас болон БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Башак Гэнч Юксэл нарын албаныхан оролцлоо.
Уулзалтын эхэнд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан хатагтай Фатма Варанкт Монгол Улсад зохион байгуулж байгаа НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцож байгаад талархал илэрхийлж, хоёр улсын хамтын ажиллагааг цөлжилт, газрын доройтолтой тэмцэхээс гадна уур амьсгалд тэсвэртэй хот байгуулалт, ногоон барилга, эрчим хүчний хэмнэлттэй орон сууц, усны тогтвортой менежмент зэрэг чиглэлд өргөжүүлэхийн чухлыг онцоллоо.
Түүнчлэн Монгол Улс түүхэн нийслэл Хархорум хотын суурин дээр орчин үеийн, соёл, аялал жуулчлал, инновацын төв болсон шинэ хотыг байгуулахаар зорьж байна. Энэ хүрээнд Турк улсын түүхэн хотуудыг орчин үеийн дэд бүтэцтэй хослуулан хөгжүүлсэн туршлагыг судлах, хот төлөвлөлт, газар ашиглалт, ногоон байгууламжийн чиглэлд хамтран ажиллуулах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Мөн Монгол Улсын хэрэглээний 70 гаруй хувийг газрын гүний ус бүрдүүлдэг. Энэ нь урт хугацаанд эрсдэл дагуулдаг тул Туркийн нийслэл Анкара хотын адилаар хур тунадас, гадаргын усыг 11 далангаар цуглуулж, цэвэршүүлэн ашигладаг туршлагыг нэвтрүүлэх боломжийг хэлэлцлээ. оёр тал 2024 онд “Орон сууцжуулалтын салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг”-т гарын үсэг зурсан байдаг. Энэ хүрээнд бага, дунд орлоготой иргэд зориулсан нийтийн орон сууцны төсөл хэрэгжүүлэх, Туркийн “Нэг ч хүнийг орон гэргүй орхихгүй” бодлого, санхүүжилтийн загварыг судлах талаар санал солилцлоо.
Сонирхуулахад, Монгол, Турк хоёр улс 1969 оны зургаадугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоосон байдаг. Энэ жил хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 57 жилийн ой тохиож байгаа юм. Харин 2025 оны нэгдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк улсад хийсэн төрийн айлчлалаар хоёр улсын харилцаа “Иж бүрэн түншлэл”-ээс “Стратегийн түншлэл”-ийн түвшинд ахисан билээ.






