"COP17" хурлын үр дүн, шийдвэрүүдийг өнөөдөр танилцуулна
1 цагийн өмнө

Улаанбаатар хотноо наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын сүүлийн өдөр өнөөдөр тохиож байна.
Хоёр долоо хоног үргэлжилсэн тус хурлын үеэр дэлхийн улс орнуудын төлөөлөл газрын доройтол, цөлжилт, ган гачигтай тэмцэх, газар болон усны нөөцийг тогтвортой ашиглах асуудлаар санал, туршлага, шийдлээ хуваалцлаа.
"COP17" хурлаар “Газар ба хүн”, “Ус”, “Хүнс”, “Бизнес ба санхүү”, “Залуучууд” зэрэг үндсэн сэдвийн хүрээнд олон талт хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Эдгээр хэлэлцүүлэг нь газрын доройтлыг саармагжуулах, цөлжилт болон гангийн эрсдэлийг бууруулах, байгалийн нөөцийг тогтвортой удирдах шийдэлд чиглэж байв.

Хурлын сүүлийн өдөр оролцогчид эцсийн шийдвэр, тайлангаа баталж, хоёр долоо хоногийн хугацаанд хэлэлцсэн асуудлуудын үр дүн, цаашдын зорилтоо нэгтгэн танилцуулна.
Цэнхэр бүсэд: "COP17" хурлын хаалтын хэвлэлийн бага хурал өнөөдөр 17:00 цагт болно. Хэвлэлийн бага хуралд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Яасмин Фоуад болон "COP17" хурлын ерөнхийлөгч, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар оролцож, хурлын үр дүн, гаргасан гол шийдвэрүүд болон цаашдын зорилтын талаар мэдээлэл өгнө.
Мөн сүүлийн өдрийн дагалдах арга хэмжээнүүдээр бэлчээр, нүүдлийн мал аж ахуй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох санхүүжилт, гангийн эрсдэлийг даван туулах чадвар, газар эзэмшил, хөрсний эрүүл мэнд, газар болон усны нөөцийн уялдаа холбоо зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
Ногоон бүсэд: "COP17-ын" хүрээнд зохион байгуулсан арга хэмжээ, санаачилгуудыг онцлон танилцуулж, шилдэг оролцогчид болон санаачилгад шагнал гардуулахын зэрэгцээ хаалтын ажиллагааг зохион байгуулна.
Ийнхүү "COP17" бага хурал хоёр долоо хоногийн турш дэлхийн хэмжээнд цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх чиглэлээр улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, бодит шийдэл боловсруулах чухал талбар болж, өнөөдөр албан ёсоор өндөрлөх юм.







