Үнэт эдлэлийн дэлгүүрээс бараа хулгайлж 495 сая төгрөгийн хохирол учруулжээ
10 цагийн өмнө

Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн шийдвэрлэлтийг ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой.
Т.Ж, Н.Ү нар нь бүлэглэн 2025 оны 4 дүгээр сард Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт худалдааны төвд хууль бусаар нэвтэрч, үнэт эдлэлийн дэлгүүрээс 112 нэр төрлийн нийт 221.4 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлжээ.
Түүнчлэн энэ оны нэгдүгээр сард Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт худалдааны төвийн байранд хууль бусаар нэвтэрч, үнэт эдлэлийн дэлгүүрээс 194 нэр төрлийн нийт 273.4 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлж, бусдад нийт 494.9 сая төгрөгийн хохирол учруулсан байна.
Н.Ү нь 2024 оны 6, 7 дугаар сарын үед хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай “өвс” гэх хэрэглээний нэршилтэй, цэвэр жин нь 110.6 грамм хэмжээтэй ургамлыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авчээ.
Улмаар 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн биедээ хадгалсан байна.
Тус хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт (хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан) зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Т.Ж, Н.М нарыг бусдын орон байранд нэвтэрч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож 3-4 жилийн хорих ял, Н.Ү-г мөнгө угаах, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож нийт 2 жил, 6 сарын хорих ял тус тус оногдуулсан байна.
Эх сурвалж: Монгол улсын Ерөнхий Прокурорын газар







Зочин · 8 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh