“Онтрэ”-гүй, “Эрдэнэс Тавантолгой”-гүй, Баялгийн сангүй, дефолт зарлах засгийн шийдвэр...
1 цагийн өмнө
Бензинд оочерлож, сургалтын төлбөрт хармаагаа сэгсэрч, амьдрах гэж үсээ үгтээж байгаа маниуст засаг: Таанууст бэлэг барьсан, хүлээн авна уу гэж. Дэлгэрүүлье.
Засгийн газрын 26 оны наймдугаар сарын 31-ний албан мэдээ: Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар 27 оны улсын төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. 26 оны төсвийн тодотгол, 27 оны төсвийн төслөөс онцлох 9 шийдвэр гаргалаа гэж. Тэр дундаа: Оюутолгойн ногдол ашгаа Монголд анх удаа авчирна. Дулааны IV цахилгаан станц, боловсруулах үйлдвэр, боловсролд зарцуулна. Таны мөнгө. Та бүхэн шийднэ гэж. “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцаагаа иргэн өвлүүлэх, бэлэглэх, арилжих эрхтэй болно гэж. Таны цалингийн 792.000 төгрөг хүртэлх хэмжээнд татвар авахгүй. Таны мөнгө Танд үлдэнэ. Иргэдийн гарт 840 тэрбум төгрөг үлдэнэ гэж.
УИХ-ын 26 оны наймдугаар сарын 31-ний албан мэдээ: УИХ-ын дарга С.Бямбацогтод сайд нар Монгол Улсын нэгдсэн төсвийн 27 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 28-29 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын 27 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 27 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 27 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хууль тогтоомжийн төслүүдийг өргөн мэдүүлэв гэж.
Хуулийн төслүүдийг өргөсөн сайд нар: Хуулийн төсөлд 27 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, төсвийн зарлагыг 43.6 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцлийг 2 их наяд 306 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар тусгасан гэж. Мөнхүү: Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл батлагдсанаас хойш төслийг боловсруулахад хүрээнд тооцох боломжгүй байсан төрийн өмчит компаниудын ноогдол ашгийн нэмэлт орлого, Оюутолгой төслийн ноогдол ашгийн орлого болон орон нутгийн үнэт цаас, урьд оны үлдэгдлээс хамаарсан эх үүсвэр нэмэгдсэнтэй. Энэтэй холбоотойгоор нэмэгдсэн орлогын хэмжээгээр нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг нэмэгдүүлэн тооцож, энэхүү тохиолдолд уг нэмэгдлийн хэмжээ нь төсвийн тусгай шаардлага хамаарахгүй байх зохицуулалтуудыг тусгасан гэж.
Дараагаар нь сайд нар сошиалаар энийгээ баахан: Манай засгаас таанууст өгч байгаа бэлэг гээд рекламдаж.
УИХ-д өргөсөн 27 оны төсвийн тодотгол, 28 оны төсвийн төслөөс дөрвөн юмыг л харчих.
1-т: Оюутолгойн ноогдол ашиг авлаа гэх. Гоё сонсдоно. Гэвчиг: Өчигдөрхнийг хүртэл ноогдол ашиг байтугай хөрөнгө оруулалтын өр, үйл ажиллагааны зардлын өрөнд баригдсан /өнөөдөр ч байгаа/ засагт ямар жанцангаар 1.5 тэрбум доллар “Рио” өгөх болов? Тэрхүү компанийн шунал “Онтрэ” дээр байгааг бид мэднэ. Гэнэтийн бэлгийн хариуд тэр орд явчихсан байх машид өндөр магадлалтай. Энийг маш яаралтай шалгаж үзэх шаардлага үүсч.
2-т: “Эрдэнэс Тавантолгой”-г нээлттэй болгоно, таануус хувьцаагаа яахаа мэд гэж. 90-ээд оны цэнхэр яагаан тасалбар яалаа? Уулаасаа: Өнөөдөр маргаашаа яая гэж хэцүүдсэн ард нийтэд хувьцаа зарах эрх олговол хэний гарт хэдэн төгрөгөөр очих нь тодоос тод тодорхой. Ард нийтийн амьдралыг угт нь тултал уланд хэвтүүлээд ардаас нь: Хувьцаагаа яахаа та мэд гэх нь “Эрдэнэс Тавантолгой”-г хувьчилна гэж сонсдох. Юун тэр Хөрөнгийн бирж хүрэх, наана нь 5-10 цаасаар танил нөгөө компаниуд хувьцааг цуглуулах боломж.
3-т: Тооцох боломжгүй байсан төрийн өмчит компаниудын ноогдол ашгийн нэмэлт орлогыг төсөвт төвлөрүүлнэ гэж. Ашгаа авахуулаад байгаа компани ашигтай ажиллаж хөгжиж дэвших тухай огтоосоо бодохгүй, амь зогоох л аргатай үлдэнэ. Алсдаа ч гэх юмгүй, ойрмогтоо дампуурч хэн нэг олигарх, орд газрын шуналтанд очих шаанс.
4-т: Цалинг салбар болгонд 30-50 хувь нэмнэ гэж. Гэтэл нь цалинг инфляцийн түвшин дээр 3 хувийг нэмж тооцож өсгөдөг нь эдийн засгийн арга. Тэгж бодит худалдан авах чадварыг хамгаалах, амьжиргааны түвшнийг тогтвортой байлгадаг. Эдүгээ Монголбанк: Инфляци 13 гэж тоолж. Энэ дээр нэмэх 3 гэхээр 16 хувиар нэмнэ гэсэн бол худалдан авах чадварыг хамгаалж, амьжиргааны түвшинг тогтвортой байх байж. Цаашаагаа: Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлбэл Монгол Улс шууд дефолт. Энэнээс болоод улс орон авсан зээл, өр төлбөрөө хугацаандаа, гэрээ ёсоор төлж чадахгүй болж, санхүүгийн чадамжаа алдаж, дампуурснаа олон улсад зарлах л замтай.
Базах нь ээ: “Онтрэ”-гүй, “Эрдэнэс Тавантолгой”-гүй, Баялгийн сангүй, дефолт зарлах засгийн шийдвэр гарч. УИХ-ыг бүрдүүлдэг МАН-аас бусад нам энэ дээр анхаарч, басхүү шалгаж нягталж үзэхийг ард нийтийн өмнөөс сануулан хүсэж байна...
Ө.БАТБИЛЭГ
ӨДРИЙН СОНИН






