Монгол–Оросын уулзалтаас түлш, төмөр зам, эрчим хүчний “том шийдлүүд” хүлээгдэж байна
58 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 9 дүгээр сарын 2-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай Владивосток хотноо уулзаж, түлш, эрчим хүч, тээвэр, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцож, тодорхой тохиролцоонд хүрлээ.
Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтын үеэр болсон уулзалтаар Монгол Улсын шатахуун, түлш, газрын тосны бүтээгдэхүүний тогтвортой нийлүүлэлтийг хангах, эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх асуудлыг голлон хэлэлцэв.
Мөн Монгол, Орос, Хятадыг холбосон төмөр замын коридорыг хөгжүүлэх, Дулааны цахилгаан станц-3, Асгатын уурхайн хамтарсан судалгаа болон Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр тохиролцлоо.
Түүнчлэн Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан худалдааны Түр хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлж, Монголын бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болов. Үүний хүрээнд малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, вакцинжуулалтын асуудлаар ОХУ-тай хамтран ажиллах юм.
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг онцолж, хоёр улсын төрийн тэргүүн нарын түвшинд тохирсон асуудлыг ажил хэрэг болгоход Засгийн газар анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Х.Номин-Эрдэнэ






