Ө.Шижир: Яагаад хоёр их наядын алдагдалтай төсөв оруулж ирж байгаа юм бэ?
41 минутын өмнө

АН-аас өнөөдөр /09.03/ “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурал хийж, 2027 оны төсвийн хуулийн талаар байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр Ө.Шижир "Монгол Улсын төсвийн зардал 12 жилийн хугацаанд 10 дахин өссөн. Гэтэл иргэдийн худалдан авах чадамж харин 10 дахин сайжраагүй" хэмээн мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв боллоо. Улсын төсөв, төрийн өмчит компаниудын төсвийг харвал Монгол Улс сүүлийн 10 жилд мөнгөгүйдээ биш, мөнгөтэйдээ зовж ирсэн. Гэвч байгаа мөнгөө зөв зарцуулж чадсангүй. Төслүүдийнхээ эрэмбэ, дарааллыг бүгдийг нь буруу өрсөн. Төсөл, хөтөлбөрүүдийнхээ тооцооллыг буруу хийсэн.
2024 онд Засгийн газар 14 мега төсөл, нийслэл 24 мега төсөл хэрэгжүүлнэ гэж ярьж байсан. Гэтэл өнөөдөр ярьж байгаа мега төслүүдийн тоо хэдэн зуу давсан. 2020 оны сонгуулиар МАН 21 аймагт 100 үйлдвэр буюу 2100 үйлдвэр барина гэсэн. Сүүлийн 3 удаагийн сонгуулийн мөрийн хөтөлбөрүүдийг эргээд харвал биелсэн зүйл байхгүй. Үе үеийн Засгийн газрууд ажлаа бодит үр дүнгээр бус, дандаа пи-ар-аар хийдэг болсон. Ажлаа урьдчилж зарладаг, тооцоогоо буруу хийдэг болсон. Үүний үр дүнд иргэдийн худалдан авах чадвар өдрөөс өдөрт муудаж байна. Иргэдийн амьдрал сайжрахгүй байна. Зөвхөн 2020 оноос хойш 2027 оны төсвийг нэмээд 208 их наяд 839 тэрбум төгрөг байна. Засгийн газрынхан тэрбумаар ярихаа больсон. Дандаа их наядаар ярьдаг болсон. Үүнийг дагаад улсын төсөв тэлж байна. 2015 оноос хойших 12 жилийн хугацаанд улсын төсвийн зарлага 10 дахин өссөн.
Энэ нь 10 дахин данхайсан гэсэн үг. Иргэдийн худалдан авах чадвар 10 дахин нэмэгдээгүй. Энэ нь Засгийн газар төсвийг дандаа буруу тооцдог гэсэн үг. 2024 оны сонгуулиас хойш УИХ 7 дахь төсвөө хэлэлцэж байна. Хоёрхон жилийн дотор 7 удаагийн төсөв хэлэлцэж байна гэдэг бол Засгийн газар улсын төсвийг дандаа буруу тооцоолж байна гэсэн үг. Төрийн өмчит компаниудын орлогыг татаж авна гэж байгаа нь зөв. Гэхдээ сүүлийн 10 жил улсын хэн удирдсан бэ?
Одоогийн Засгийн газрын сайд нар бүгд дарга, сайд байсан. "Эрдэнэс Монгол" нэгдэл 42 компанийхаа зөвхөн ашигтай ажиллаж байгаа 3-тай нь менежментийн гэрээ хийсэн. Удирдлагын зардал нь гэхэд 500 тэрбум төгрөг байна.Орлогоо 10 их наядаар нэмж, ТӨК-иудын ашгийг татаж авч байгаа бол зардлаа боль. 2024 оны төсөв дээр хориг тавьж байхад алдагдалгүй төсөв баталж байсан. Гэтэл одоо яагаад хоёр их наядын алдагдалтай төсөв оруулж ирж байгаа юм бэ. Манай намын гишүүд улсын төсвийн зардал дээр хяналттай орно. Зардлаа хасах ёстой. Улсын төсвийн 70 хувь нь зарлага байгаа. 2028 онд орлого орж ирэхгүй бол яах вэ?.






