“Нэг эрүүл мэнд” сэдэвт үндэсний II зөвлөгөөн болов
2014/01/22
Дэлхийн банк, Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчинтэй тэмцэх чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд Зоонозын халдварт өвчний “Нэг эрүүл мэнд” сэдэвт үндэсний II зөвлөгөөн боллоо.
Уг зөвлөгөөн нь зоонозын халдварт өвчний салбар хоорондын зөвлөлийн үйл ажиллагааг үндэсний болон орон нутгийн түвшинд өргөжүүлэх, зоонозын халдварт өвчний тандалт, сэргийлэлтийн арга хэмжээний цаашдын чиглэлийг тодорхойлох зорилго дэвшүүлсэн. Зөвөлгөөнөөр “Шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчинтэй тэмцэх чадавхийг бэхжүүлэх”төслийн хүрээнд хэрэгжүүлсэн Бэтэг, Крым-Конгийн цусархаг халуурал, Шувууны томуу, Боом, Бруцёллёз өвчний эрсдэлд суурилсан тандалт судалгаа, эрсдлийн үнэлгээний үр дүнг хэлэлцүүлж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны бодлого чиглэлийг тодорхойллоо.
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа уг зөвлөгөөний нээлтэд үг хэлэхдээ, "2010 онд Улсын хэмжээнд зоонозын халдварт өвчний хүн, мал эмнэлгийн салбар дундын зөвлөлийг байгуулан ажиллаж эхэлснээс хойш хамтын үйл ажиллагааг бүсийн хэмжээнд өндрөөр үнэлсээр байгаа нь бид өргөжин бэхжиж байгаагийн тод илрэл юм. Бидэнд санхүүгийн болон техникийн тусламж, дэмжлэг үзүүлж буй ДЭМБ, Дэлхийн банк, Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн байгууллага зэрэг олон улсын байгууллагуудад талархлаа илэрхийлье" хэмээв.
Түүнчлэн зөвлөгөөний хоёрдугаар хэсэгт Зоонозын халдварт өвчний өнөөгийн байдал, хүн, мал эмнэлгийн байгууллагуудын хамтарсан тандалт судалгааны үр дүн, хүн, мал эмнэлгийн салбар хоорондын зөвлөлийн үйл ажиллагааны хэрэгжилт, орон нутгийн түвшин дэх мэргэжлийн байгууллагын хамтын ажиллагаанд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар ярилцаж, нэгдсэн зөвшилцөлд хүрсэн үр дүнтэй зөвлөгөөн боллоо.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард зооонозын халдварт өвчний хүн, мал эмнэлгийн салбар хоорондын зөвлөлийг "Нэг эрүүл мэнд" салбар хоорондын зөвлөл болгон өргөжүүлж, ирэх 3 жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлсон байна.
Үндэсний II зөвлөгөөнд Эрүүл мэндийн яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, БОНХЯ, ДЭМБ, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч, Дэлхийн хүнс хөдөө аж хуйн байгууллагын Монгол дахь төлөөлөгч, ЗӨСҮТ, ХӨСҮТ, УМЭАЦТЛ, Мал эмнэлгийн хүрээлэн, Ус цаг уур, орчны шинжилгээний газар, НЭМҮТ, гадаад дотоодын зөвлөхүүд, орон нутгийн хүн, мал эмнэлгийн байгууллагын төлөөлөгчид зэрэг нийт 150 эмч, мэргэжилтнүүд оролцов.
ЗӨСҮТ