Шинэ ургацын улаанбуудайн худалдан авах үнийг есдүгээр сарын 1-нд ХХААХҮЯ, “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК болон мэргэжлийн холбоод хамтран тогтоосон.

Ингэхдээ 1-р зэргийн улаанбуудайг тонн тутамд 1.450.000₮ 2-р зэргийг улаанбуудайг тонн тутамд 1.350.000₮ 3-р зэргийг улаанбуудайг тонн тутамд 1.250.000₮ 4-р зэргийг улаанбуудайг тонн тутамд 1.150.000₮ төгрөгөөр худалдан авахаар тогтоосон бөгөөд өнгөрсөн оноос дунджаар 11 хувиар өссөн байна.

Гэтэл төрөөс улаанбуудайн үнийг тогтоосон яг тэр өдөр “Өгөөж Чихэр Боов” ХХК бүтээгдэхүүнийхээ үнийг 200–300 төгрөгөөр нэмсэн байна. Эндээс нэг ноцтой асуулт гарч ирнэ. “Өгөөж” үнийг урьдчилж мэдсэн үү? Шинэ ургацын улаанбуудай үйлдвэрүүдэд нийлүүлэгдэж эхлээгүй байхад “Өгөөж” бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх шийдвэрийг яг есдүгээр сарын 1-нд гаргажээ.

Тэгвэл “Өгөөж Чихэр Боов” ХХК-ийн Ерөнхий захирал, Хөдөлмөрийн баатар МАН-ын гишүүн С.Түмэнгэрэл шинэ ургацын улаанбуудайн үнэ хэд болохыг есдүгээр сарын 1-нээс өмнө мэдэж байсан уу?

Хэрэв мэдэж байсан бол хэнээс, хэзээ, ямар сувгаар мэдээлэл авсан бэ?

Төрийн шийдвэр албан ёсоор гарахаас өмнө мэдээллийг авч, ярилцаж тохироод үнийн нэмэгдлээ бэлдсэн юм биш биз?

Хэрэв тийм зүйл болоогүй бол эсрэгээрээ яагаад яг тэр өдөртөө 200–300 төгрөгийн нэмэгдлийг тооцож, баталж, хэрэгжүүлж амжив?

Эсвэл зүгээр давхцал байсан уу?