Бүлэг хүчингийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаагүй болгох тухай өргөдлийг иргэн Н.Шинэцэцэг санаачилжээ
50 минутын өмнө

Олон жилийн өмнө СУИС-д сурч байхдаа ангийнхаа хөвгүүдэд хүчирхийлүүлсэн гэх Н.Шинэцэцэг энэ талаараа олон нийтэд мэдээлсэн байдаг. Тэгвэл Бүлэг хүчингийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаагүй болгох тухай өргөдлийг Н.Шинэцэцэг санаачилжээ.
Тэрбээр "Би ганцаараа бүлэг хүчингийн хэргийн хохирогч биш билээ. Над шиг маш олон хүн байдаг гэдгийг энэ оны нэг сараас хойш харсаар өдийг хүрлээ. Нийгмийн байдал хандлага, хохирсны дараах гүн шокоос болж тусламж авч чадалгүй үлдсэн насаа чимээгүй тарчилж өнгөрүүлдэг хүмүүс 2 оронтой тоонд багтахгүй олон гэдгийг ганцхан би л гэхэд өөрийн хуудастаа ирэх захидлуудаас салбархай ноорхой зүрхээ нэмж урагдтал уншсан.
Хуулийн дагуу хэрэгтнүүдэд ялыг нь үүрүүлэхэд нотолж чадаж байвал нотолгоогоо бариад очиход хугацаа үл хамааран ийм дарагдаж үлддэг онцлогтой, хүнд хэргийг хууль нь шийддэг тогтолцоонд бид шилжих нэн шаардлагатай байгаа. Би ч мөн адил 15 жилийн секунд бүрийг тэсч, арай гэж амьсгалж өдийг хүрчихээд дахиад нэмээд хөөн хэлэлцэх хугацааны хохирогч болмооргүй байна.
Би нэмж хохирохгүй! Тиймд энэхүү өргөдлийг санаачиллаа. Санал нийлэх хүмүүс байвал гарын үсгээ зурж өгөөрэй. Хамтдаа аль эрхтэндээ гэмтэл авч халдлагад өртсөнөөс шалтгаалан айж ичиж нуугддаг байдлаас үүдэн дарагдаж өнгөрдөг, хохирогч нь нэмж дэвслүүлдэг байдлыг дуусгавар болгох бодит алхам хийцгээе. Энэ асуудлыг хөндөж гарын үсгээ зурж өргөдлийг хууль тогтоогчдын анхааралд оруулцгаая" хэмээн өргөдөлдөө бичжээ.
Өргөдөлд есдүгээр сарын 05-нд санал авч эхэлсэн бөгөөд аравдугаар сарын 05-нд хаагдах аж. Энэ хугацаанд 100,000 иргэн дэмжиж гарын үсэг зурвал УИХ-аар хэлэлцэнэ






