НИТХ-ын ээлжит бус XIV хуралдааныг 2026 оны есдүгээр сарын 14-ий өдөр товложээ.

Хуралдаанаар:

  • “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг шинэчлэн батлах тухай
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө” батлах тухай
  • Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  • Нийслэлийн өмчөөс 2026 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалт батлах тухай болон бусад асуудлыг хэлэлцэхээр болсон байна.

Тухайлбал нийслэлийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийслэлийн хөгжлийн 16 төслийг хэрэгжүүлэхээр тусгажээ. Тухайлбал нэгдүгээр тойрог зам буюу гол гудамж, замын сүлжээг шинэчлэх 24.79 километр бүтээн байгуулалт, Дулааны V цахилгаан станцын 300 МВт цахилгаан, 340 Гкал/ц дулааны хүчин чадлыг бий болгох, нийслэлийг орон сууцжуулах дэд төвүүдийг хөгжүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Сэлбэ, Шархад, Толгойт, Дамбадаржаа, Ханын материалын дэд төвүүдийг хөгжүүлснээр 35 мянган айлын орон сууц ашиглалтад оруулж, 115 мянган айлын янданг буулгах аж.

Түүнчлэн 103,090 өрхийг цэвэр эх үүсвэрт шилжүүлэх, 38 км голын эргийн хамгаалалтыг бий болгох, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах тогтолцоог 50 хувьд хүргэх зорилтыг тусгасан байна.

Харин нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө нь агаарын бохирдол, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд “20 минутын хот” үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд чиглэжээ. Энэ хүрээнд иргэдийн боловсрол, эрүүл мэнд, чөлөөт цаг, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг амьдрах орчинд нь ойртуулахын зэрэгцээ явган хүний болон дугуйн зам, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, нийгмийн болон инженерийн дэд бүтцийг үе шаттайгаар сайжруулахаар тусгасан байна.

Боловсролын салбарт 43 сургууль, 23 цэцэрлэг шинээр ашиглалтад оруулж, сургуулийн ачааллыг 4.7 хувь, цэцэрлэгийн ачааллыг 3.1 хувиар бууруулахаар тооцсон бол эрүүл мэндийн салбарт эрт илрүүлгийн хамрагдалтыг 10 хувиар нэмэгдүүлж, 180 мянган иргэнийг нэмэлтээр үзлэг, оношилгоонд хамруулах, дархлаажуулалтын хамрагдалтыг 0.6 хувиар нэмэгдүүлж, 10.8 мянган иргэнийг нэмэлтээр хамруулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, нийт 55 төсөл, арга хэмжээг тусгасан байна. Үүнд, 29 байршилд нийт 7.09 га газрыг газар зохион байгуулалтын чиглэлээр төлөвлөхөөс гадна нөхөх олговор олгох, барилга байгууламж, дэд төв, инженерийн шугам сүлжээ, авто замын бүтээн байгуулалтад шаардлагатай газрыг чөлөөлөх ажлууд багтжээ.

Түүнчлэн нийслэлийн өмчөөс 2026 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалтыг НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар хэлэлцэх бөгөөд есдүгээр сард дөрвөн барилгыг дуудлага худалдаанд оруулахаар төлөвлөжээ.