Нийслэл Улаанбаатар хотод жилд хоёр удаа автомашингүй өдөр зохион байгуулж, энэ үеэр спортын болон эрүүл мэндийн арга хэмжээ болдог. Энэ жилийн тухайд өнгөрсөн тавдугаар сарын 23-нд автомашингүй өдрийг зохион байгуулсан бол ирэх сарын 26-нд буюу бямба гарагийг автомашингүй өдөр болгон зарлажээ.

Сүхбаатарын талбайгаас гараагаа эхлүүлэх тус арга хэмжээ нь спорт, хөгжим, хотын гэрэл, соёл урлагийг нэг дор нэгтгэж, Улаанбаатарын шөнийн хотын шинэ дүр төрхийг мэдрүүлэхийг зорьж буй аж.

Шөнийн марафон нь нар жаргасны дараа зохион байгуулагддаг бөгөөд уламжлалт замын гүйлтээс гадна хөгжим, DJ, тайзны үзүүлбэр болон хотын шөнийн уур амьсгалыг хослуулсан фестивалийн хэлбэрээр зохион байгуулагддагаараа онцлог. “Night Marathon Ulaanbaatar 2026” нь энэхүү олон улсын чиг хандлагыг Улаанбаатарын онцлогтой хослуулан, нийслэл хотыг Азийн онцлох шөнийн гүйлтийн чиглэлүүдийн нэг болгох зорилготой юм байна.

Оролцогчид өөрийн бэлтгэл, сонирхолд тохируулан 5 км, 10 км, 21 км-ийн зайнаас сонгон оролцох боломжтой. Бүх зайд Timing Chip бүхий дугаар ашиглаж, оролцогчдын албан ёсны гүйлтийн хугацааг бүртгэх гэнэ.

Мөн НЭМГ-ын харьяа байгууллага болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд иргэдэд үзлэг, зөвлөгөө, мэдээлэл өгөх  ажээ.