"Хөгжлийн банкны хэрэгт холбогдох зарим хүмүүсийн хэсгийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцаасан нь хууль бус"
23 минутын өмнө

Дээд шүүхийн хууль зөрчсөн үйл ажиллагааны талаар Ерөнхий шүүгчид Ц.Цогтод өргөдөл гаргаж байгаа талаар өнөөдөр өмгөөлөгчид мэдээлэл хийлээ.
2021 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир нарын санаачилсан тухайн үед Б.Энхбаяр гишүүний өөрийнх нь тайлбарлаж байснаар "нэг бол ялла, нотлогдохгүй бол цагаатга" гэсэн үзэл баримтлалтайгаар хууль санаачилж, батлагдсан байна.
Хуульч нарын дунд уг хуулийг Б.Энхбаярын хууль гэж нэршдэг ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8-р зүйлийн 1 дэх хэсэг дээр хяналтын шатны шүүх буюу Улсын дээд шүүх нь хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаана гэсэн хүчин төгөлдөр хуулийн зохицуулалт байсныг хүчингүй болгосон байна.
2022 оны зургаадугаар сарын 3-ны өдөр уг хууль батлагдсанаар Улсын дээд шүүх болоод давж заалдах шатны шүүхэд хэргийг ахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах эрх хэмжээгүй болжээ. Гэтэл өнөөдрийн шүүхийн практикт эрүүгийн хэргүүд дээд шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаагдаж байгаа учир өмгөөлөгчид өргөдөл гаргаж байгаа аж.
Тус хуулийн зорилго нь: Иргэдийг олон сар, жилээр цаг наргүйгээр мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хадаж хатаан залхаан цээрлүүлдэг ажиллагааг зогсоож, шалгагдсан хэргийнхээ хүрээнд нотол. Буруугүй бол цагаатга. Дахин дахин Дээд шүүхээс заавал яллаад ир гэдэг байж болохгүй учир энэ хуулийг баталсан гэв.
Энэ талаар Өмгөөлөгч Н.Ариунболд "Тухайлбал Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2024 оны 12-р сарын 11-ний өдрийн тогтоолоор Хөгжлийн банкны гэх тодотголтой хэрэгт зарим хүмүүсийн холбогдох хэсгийг хүчингүй болгоод анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай гэх шийдвэр гаргасныг хууль зөрсөн үйл ажиллагаа гэж үзэж хүчингүй болгооч ээ гэсэн. Улсын дээд шүүх маш том толгой гаргаж хууль дээгүүр давж алхаад анхан шатны шүүх рүү буцаасан үйл ажиллагаа болж байна.
Үүнийг Үндсэн хуулийн хүрээнд болохгүй гэж үзэж байна. Шүүгч хүн хуулийг буруу гэж үзэж хуульд захирагдахгүй байж болохгүй. Тухайн хууль нь биелүүлэх боломжгүй Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл л шүүх тухайн асуудлыг Үндсэн хуулийн цэцэд гаргадаг.
Б.Энхбаярын гэх уг хуулийг биелүүлэх боломжгүй байна гэж үзсэн бол энэ асуудлаа Үндсэн хуулийн цэцэд тавих ёстой байтал хууль дээгүүр давж алхаад анхан шат руу буцааснаас үүдэж энэ хэрэг дахин дахин 4-5 жил үргэлжлэх шинжтэй байна.
Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал Улсын дээд шүүх өөрөө авч үзээд хүчингүй болгоно гэж Үндсэн хуульд заасан байдаг. Иймд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид өргөдөл гаргаж байна" гэв.
Уг өргөдөлд нийт 14 өмгөөлөгч гарын үсгээ зураад байгаа ба хэдийгээр нэг хэрэг дээр гарч байгаа тохиолдол ч гэсэн шүүхийн практик дээр Улсын их хурлаас баталсан хуулийг Улсын дээд шүүх хэрэгжүүлэхээ больсон нь хэвийн зүйл болсон байна гэдгийг өмгөөлөгчид онцлов.
Шүүгч ганц хуульд захирагдах ёстой байтал хүчингүй болчихсон хуульд захирагддаг нөхцөл байдал үүсээд байна гэлээ.






