Эдийн засагч Д.Ангартай ярилцлаа.


-Манай улсад одоогийн нөхцөлд ямар бизнес эрхэлбэл үр өгөөжтэй байх талаар яриагаа эхэлье?

-Манай улсад тулгамдсан асуудлын нэг бол яалт ч үгүй махны асуудал. 60 орчим сая мал тоологддог хөдөө аж ахуйн таатай уур амьсгалтай орон гэдэг ч гурван сая хүн амын махны хэрэгцээ нь хангагдахгүй, үнэ ханш тогтворгүй байнга өсөөд байдаг.

Махны үнэ өрхийн хэмжээний асуудлаас даваад улсын инфляцийг өдөөх хэмжээний асуудал үүсгэж чадаж байна шүү дээ. Ялангуяа үхрийн мах нэг килограмм нь 40.000 төгрөгт хүрсэн. Энэ нь айл өрхөд, тэр дундаа тэтгэврийн хүмүүст маш хүндээр нөлөөлсөн. Ямар нэг асуудалд муу, сайн тал байдаг. Нэг талаар үнийн бодлого, эдийн засгийн асуудал боловч нөгөө талаар мөнхийн эрэлт өндөртэй салбар гэдэг нь харагдаж байна. Үнийн өсөлт нийгмийн зарим хэсэгт таалагдаагүй, цаашдаа ч таалагдахгүй байх. Энэ нь эдийн засгийн бичигдээгүй хууль. Бизнес талаасаа эрчимжсэн мал аж ахуй бол бизнесийн боломж. 3-4 жилийн өмнө махны үнэ хямд байх үеийг бодвол, одоо эрчимжсэн мал аж ахуй үр өгөөжтэй байх боломжтой.

Би сүүлийн 7-8 жил өөрийн биеэр судалж байгаа хүний хувьд боломж гэж харж байна. Гэхдээ хагас эрчимжүүлсэн байдлаар үхэр бордож, зах зээлд нийлүүлэх тухайг л хэлж байна.

 

-Хагас эрчимжүүлсэн үхрийн аж ахуй гэхээр яаж маллахыг хэлж байна вэ. Уламжлалт маллагаанаас юугаар ялгаатай вэ?

-Одоогоор хамгийн боломжит хувилбар үхрийн мах гэж санал болгох байна. Хонины махны тухайд нарийн судалж үзээгүй. Манай уламжлалт мал аж ахуй бол жилийн дөрвөн улирлын турш үргэлжилдэг. Миний хэлээд байгаа аж ахуй бол улирлын чанартай гэх үү дээ. Малчид маань малаа маллаад байгаа боловч махны хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгаа. Ялангуяа өвөл, хаврын цагт малын махны хэрэгцээ улам ихэсдэг. Эрэлтэндээ нийлүүлэлт хүрэлцэхгүй болоод ирэхээр л үнэ нь өсөөд байгаа юм. Нийлүүлэлт боломжийн байгаад байвал үнийг тогтвортой байлгах боломжтой. Тэгэхээр яг тэр эрэлт өндөртэй үед зах зээлд нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор махны чиглэлийн үхрийг тэжээж бордох ажлыг бизнес маягаар хийж болно.

-Мал аж ахуйг ямар байдлаар хэн эрхэлбэл хамгийн тохиромжтой вэ. Үхэр худалдан авах, мөн маллах гэдэг тасралтгүй хөдөлмөр. Жишээ нь, дөнгөж сургуулиа төгссөн залуус хийвэл боломж хэр байх вэ?

-Орчин цагт Монголд байнгын хөдөө амьдарч, яг уламжлалт мал маллах аж ахуйг эрхлэх хүсэлтэй залуусын тоо бага болоод удаж байна. Ихэнх нь хот сууринд, сурч боловсрохыг олон нийтийн дунд ажиллаж амьдрахыг хүсэж байгаа шүү дээ. Хүн гэдэг нийгмийн амьтан. Буруутгах аргагүй. Яг үхэр дагаад хөдөө байхад хамгийн наад зах нь найз нөхөд, хөгжилдөх орчин хомсдолтой шүү дээ. Харин энэ бол уламжлалт мал аж ахуйгаас ялгаатай болохоор монгол хүн бол хэн ч эрхэлж чадах ажил. Бүтэн жилийн турш хөдөө байна гэсэн зүйл биш болохоор залууст ч боломжтой. Гэхдээ тодорхой албан ажил төрөл хийгээд үзчихсэн, цаг бүртгүүлэхгүйгээр ажил хөдөлмөр хийх хүсэлтэй, эхний гарааны бизнесийн үхрүүд худалдаж авах боломжтой хүмүүст илүү тохиромжтой болов уу гэж харж байгаа.

Монгол эрчүүд тодорхой насанд хүрэхээрээ цагт баригдаж, хамт олон, найз нөхөд гээд байх нь багасдаг үе гэж байдаг. Миний хэлээд байгаа санаа бол хүйтрэхээс өмнө буюу зун, намрын цагт хоёр гурваас дээш насны, идэш нядалгаанд ашиглах боломжтой үхрийн тоо толгойг өөрийн боломжид тааруулан малчдаас худалдаж аваад, дулаан газар тэжээж бордоно гэсэн үг. Хүйтрэхтэй зэрэгцэн махны эрэлт ихсэх үеэр зарж борлуулах. Тухайн намар авсан үхрүүдээ тэр өвөлдөө зарах байдлаар 3-4 сар бордох хөдөлмөр эрхэлнэ гэсэн үг. Гол нь дөрвөн улирлын турш малаа дагах шаардлагагүй, эрэлттэй үед малчдаас орж ирэх махны хэрэгцээг хангаж чадахгүй байгаа үе дээр нэмэр болно. Эдийн засгийн хувьд зарж буйдаа ч, авч буйдаа ч таатай нөхцөл нэмэгдэнэ. Мөн өөрсдөө болон эргэн тойрныхныхоо эрүүл аюулгүй махны хэрэгцээг хангачихна.

-Ямар ч мал маллах туршлагагүй болон тодорхой гарааны бизнесийн санхүүгийн боломжгүй хүн хийж чадах болов уу?

-Ямар ч монгол хүнд агаар салхи, хээр хөдөөг таашаах төрөлхийн араншин, онцлог бий. Монгол хүн махнаас гарна гэж байхгүй учраас мөнхийн хэрэглээ гэдгийг л бодох хэрэгтэй. Тэгэхээр эхлээд үр өгөөжөө, өөрийн нөөц бололцоог тооцож арга туршлагуудыг судлах хэрэгтэй. Хэн нэгнийг хэлбэрдэн дуурайхдаа биш. Өнөө цагт аливаа зүйлийг судлах шиг амархан юм байхгүй болсон. Интернэтээр дүүрэн сайн туршлагуудыг фермерүүд хуваалцдаг болж. Наад зах нь манайхтай цаг уур, орчин нөхцөл, хэрэглээгээр хамгийн ойрхон жишээ Өмнөд Монголоор дүүрэн байгаа. Маш сайн жишиг туршлагатай, амжилттай яваа хүмүүс ч байдаг. Одоогоор Монголд энэ бизнес төдийлөн хөгжөөгүй ч томоохон компаниуд эхэлсэн яваа. Заавал тэдэн шиг томоор хийх гээд хэрэггүй, тогтмол орлого маягаар өөрийн боломжид тааруулаад бага хэмжээ тооцоогоор эрхэлж болох бизнес юм.

-Эрчимжүүлсэн байдлаар үхэр маллахад анхаарах зүйл юу вэ?

-Эрчимжсэн мал аж ахуй гэхээр манайхан буруу ойлгодог. Гахай шиг хашна гэх мэтээр. Гэтэл энэ маань жилийн ихэнх улиралд бэлчээрээр нь маллаад, хүйтний 3-4 сард дулаанаар байлгаж малынхаа хүч чадлыг хадгалах юм. Хамгийн чухал нь салхигүй дулаан байр, бүлээн ус юм билээ. Манай уламжлалт мал аж ахуй бол бэлчээрээр яваад, хүйтэн усаар усалсаар хавартай золгуулдаг. Тиймдээ ч хавар мал маш их туйлддаг. Малыг заавал ингэж туйлдуулж маллах шаардлагагүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Мал аж ахуй гэдэг маань нэг талаар малыг өсгөх, өөрсдийн хэрэгцээнд тохируулан үржүүлэх шинжлэх ухаан юм. Өвс тэжээл бэлддэг хэдий ч хатсан өвсөөр дагнан тэжээх нь хүн талх, усаар хооллоод яваатай адилхан зүйл болчихож байгаа юм. Малаа дулааны улиралд бэлчээрээр нь сайтар явуулж, байгалийн шим тэжээлийг хүртээгээд, хүйтний улиралд нэмэлт тэжээл, уураг гэх мэт шаардлагатай зүйлээр хангаж, дулаан байранд, бүлээн усаар тэжээх нь цаашлаад махыг нь зооглох хүний биед очиж байгаа хэрэгцээ болж таарч байна. Үхэр хүйтэнд энерги алдахаас илүү салхинд хамгийн их энерги зарцуулж байдаг амьтан.

Тэгэхээр дулаан байр гэдэг маань халаалт зэргийг хэлж байгаа биш шүү. Нэвт салхилдаггүй нөмөртэй саравч, малын байр байхад болох юм. Мөн хүйтэн усаар услах нь малыг их энерги зарцуулахад хүргэдэг. Бүлээн ус гэдэг нь мөн халааж өгөх тухай биш юм. Худаг булгийн усыг шууд хүйтнээр биш, даарахааргүй тасалгааны ердийн хэмтэй болгож малаа усалж байх нь малыг энерги их зарцуулж турж эцэхээс хамгаалдаг ажээ. Тиймээс уламжлалт мал аж ахуйгаа хөгжүүлж байгаа хэлбэр гэдгийг ойлгох хэрэгтэй. Хуучин цагт юмс хөгжөөгүй, бүх зүйлийг байгалийн аргаар бүтээж ирсэн бол өнөөдөр шинжлэх ухааны хөгжилтэй хослуулбал ямар давуу талууд байж болохыг малчид маань олон улсад хэрэгжиж байгаа мал аж ахуйн сайн туршлагуудаас судалж болж байна. Эхний ээлжинд 10 үхэр байлаа гэхэд нөмөртэй дулаан саравч, усалгаа шийдэх боломж мөн үхрийн тоондоо тохирох баас, хашаа хороог цэвэрлэж тогтмол ажиллах ганц хоёр хүн хүч тооцох. Бас хотоос холгүй байвал давуу тал болж таарна. Монголчууд ярьдаг даа, хийх хүнд боломж, хийхгүй хүнд шалтаг гэж.

-Энэ бизнесийг намар хэдэн сараас эхэлбэл тохиромжтой вэ. Мөн махны ченж байдлаас ялгаатай юу?

-Энэ бизнесийн хувьд эхлүүлэхэд хамгийн тохиромжтой цаг бол яг өдийд. Хэрэв энэ талаар сонирхож байгаа хүмүүст одоо бэлтгэж эхлэх боломж байна. Малын үнэ хамгийн боломжит доод түвшинд байгаа. Малчдад ч мөнгөний хэрэгцээт үе учраас хэн хэндээ ашигтай. Махны худалдаанаас ялгаатай нь хүмүүс өөрсдийн хэрэгцээ, нэмэлт орлого цаашлаад монгол хүний хобби аль ч байдлаар эдийн засгийн эргэлтийн хөрөнгө болгож болно. Энэ нь олон улсад хөгжсөн финишинг бизнес. Гэхдээ худалдаатай хамаагүй. Манай Монголд хоёр зүйл л ямар ч сурталчилгаагүй зарагдаж байна шүү дээ. Нэг нь мах, нөгөө нь шатахуун. Бид үүнийг ашигтайгаар бизнес болгох боломж бий гэсэн үг. Махыг бэлтгэж чадвал зарагдахгүй гэх айдас байхгүй. Чадвал шатахууныг ч оруулж ир гээд байгаа шүү дээ. Шатахууныг бодвол монгол хүнд махыг жижиг эргэлтийн хөрөнгө болгох боломж хангалттай байгаа л гэсэн үг. Хэн эхэлж хийнэ, тэр түрүүлж ашиг хүртэнэ. Энэ нь буруу зүйл биш. Зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн хууль.

-Одоо хүн бүхэн наймаа хийх болж. Ялангуяа гадаадаас бараа, материал онлайнаар худалдан авах хүн ихэсчээ. Бүтээгч улс биш, дамлан наймаалагч улс болж байна гэх шүүмж гараад байгаа. Энэ талаар мэргэжлийн хүний хувьд юу хэлэх вэ?

-Импортын бараа материал зарж буй хүндээ л ашигтай, гэтэл нийт улс орны эдийн засагт хортой зүйл. Арайхийж олсон алт, зэс, нефтиэ зарж олсон валютын урсгал маань гадагшаа цамц өмд, жижиг сажиг барааны үнэд зарцуулагдаад л явчихаж байгаа юм. Төдий чинээ чанаргүй барааны, маш их хог хаягдал манай оронд үлдэж байна гэж болно. Манайх ардчилсан улс болохоор, хүний амьжиргаагаа хэрхэн зохицуулах ашиг орлогоо өөрөө бүрдүүлэхийг хязгаарлах эрхгүй болохоор бодит байдал ийм байна. Ер нь импортыг аль болох багасгаж, үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлого байх ёстой юм даа. Манайд үйлдвэрлэлийн бодлого дутмагаас бэлэн бараа маш их импортоор орж ирдэг.

-Махны чиглэлийн үхэр бордох бизнесийн давуу тал нь юу вэ?

-Жижиг мөртлөө эрэлттэй зах зээл мөн. Яагаад гэвэл хүмүүс эрүүл мэнддээ маш анхаардаг цаг болсон. Хүнсний аюулгүй байдалд нөлөөлж байгаа зүйл бол малын эм тариа. Малчдыг хардах эрхгүй ч энд тэнд тариатай мах байгаа тухай мэдээлэл хаа сайгүй байх болж. Гарал үүсэл нь тодорхойгүй мах авч хэрэглэхээс илүү хэзээ хаана, ямар байдлаар тэжээж бордсон нь тодорхой малын махыг тав арван төгрөгийн зөрүү үнээр авахаас татгалзахгүй. Урьдчилаад захиалга тохиролцоод нийлүүлэлт хийх ч боломжтой. Энэ аж ахуйг хөгжүүлж байж ажилгүйдэл буурна. Өнөөдөр улсын төсөв нэмэгдээд, зардал татвар нэмэгдээд байдаг. Хөрөнгө оруулалт нэртэйгээр гарын салаагаар урсгаад байдаг ч ард түмэнд наалдах зүйлгүй байна. Улаанбаатарт ажилгүйдэл нэмэгдээд, хүмүүсийн худалдан авах чадвар улам буураад байна. Ажлын байрыг нэмэгдүүлэх бодлогыг, зах зээлийн эрэлтэд тулгуурлаж хийх хэрэгтэй. Залуус хөдөлмөрлөж чадна, монголчуудад боломж бий.

 

Б.ДАРИЙМ

ӨДРИЙН СОНИН