БАГШ НАРЫН БАЯР: СӨБ-ын байгууллагад ажилладаг нэг багшид 25 хүүхэд ноогдож байна
56 минутын өмнө

Өнөөдөр Монголын багш нарын баярын 60 дахь өдөр, Дэлхийн багш нарын баярын 32 дахь өдөр тохиож байна.
Багш нартай холбоотой тоон мэдээллийг ҮСХ-ноос гаргажээ. Энэхүү тоон судалгааг танилцуулж байна.
Сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу цэцэрлэгт 10 мянга 298 багш ажиллаж байгаа бөгөөд нэг багшид 25.1 хүүхэд ноогдож буй юм. Харин Ерөнхий боловсролын сургуульд 39 мянга 126 үндсэн багш ажиллаж буй бол нэг багшид 21 хүүхэд ноогдож байна.
Мөн мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад 2163 багш ажилладаг. Үүний нэг багшид ноогдох суралцагчид нь 19.2 байна. Харин дээд боловсролын сургалтын байгууллагад 5266 багш ажилладаг бол нэг багшид 30.7 суралцагч ноогдож буй аж.
Дээрх тоон үзүүлэлтээс дүгнэхэд, Монгол Улсад багш нарын ачаалал хоёр дахин нэмэгдсэн гэдэг нь тод харагдав. Өөрөөр хэлбэл, бодит амьдрал дээр нэг ангид дунджаар 45-55 хүүхэд суралцаж буй.
Засгийн газраас цалин хөлсийг 2026 оны нэгдүгээр сараас 50 хувь цаашлаад шат дараатай нэмэгдүүлэх амлалтыг өгсөн. Тодруулбал, багш нарын цалинг 2026 оны нэгдүгээр сараас 50 хувь, энэ оны арваннэгдүгээр сараас 26 хувь нэмэгдүүлж, 3.5 сая төгрөгт хүргэхээ Засгийн газар амласан.
Өнөөдрийн байдлаар багш нарын хувьд 50 хувь нэмэгдсэн дүнгээр буюу анги даалт, илүү цаг, мэргэжлийн зэрэг зэргээс шалтгаалж нийслэлд шинэ багш, 2 сая 948 мянган төгрөгийн цалин авч байгаа бол аймагт 3 сая 244 мянга, суманд 3 сая 541 мянган төгрөгийн цалин авч байгаа аж.
Харин 20-иос дээш жил ажилласан туршлагатай багш нийслэлд 3 сая 541 мянга, аймагт 3 сая 838 мянга , суманд 4 сая 135 мянган төгрөгийн цалин авдаг байна. Улмаар энэ дүн ирэх сарын 1-нээс 26 хувиар нэмэгдэнэ. Үүнд 670 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж, төсөвт тодотгол хийж хэмнэж, хэмнэсэн мөнгөөрөө багш нарынхаа цалинг нэмэхээр Засгийн газар тооцоолсон. Гэтэл төсвийн тодотголоо өргөн бариад сар болж байна. Гэсэн ч өнөөдрийг хүртэл батлаагүй хэвээр байна.








