26 хувийн нэмэгдэлд хоног ойртлоо: Багш нарын цалинг 3.5 саяд хүргэх амлалт биелэх үү?
2 цагийн өмнө

Багш нарын цалинг ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс дахин 26 хувиар нэмэгдүүлэх Засгийн газрын амлалт хэрэгжих хугацаа ойртож байна. Гэвч нэмэгдлийг санхүүжүүлэхэд шаардлагатай төсвийн тодотгол одоогоор батлагдаагүй байгаа нь анхаарал татаж байна.
Засгийн газар багш нарын цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 50 хувиар нэмэгдүүлсэн. Харин дараагийн шатны 26 хувийн нэмэгдлийг арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж, багшийн цалинг дунджаар 3.5 сая төгрөгт хүргэхээр өмнө нь тохиролцсон юм.
Энэхүү тохиролцоо нь өнгөрсөн онд улс орон даяар өрнөсөн багш нарын ажил хаялтыг зогсоох гол нөхцөл болсон. Тухайн үед багш нар цалингаа 3.5 сая төгрөгт хүргэх шаардлага тавьж, 10 гаруй хоног ажил хаяснаас гадна төв талбайд суулт хийж байв.
Багш нарын зүгээс цалин хөлсний асуудлаас гадна ажлын ачаалал их, анги дүүргэлт өндөр, ажиллах орчин хангалтгүй байгаа нь боловсролын салбарын хүний нөөцийн хомсдолд нөлөөлж буйг онцолж байсан.
Багш нарын цалин одоо хэд байгаа вэ?
Нэгдүгээр сараас хэрэгжсэн 50 хувийн нэмэгдлийн дараах багш нарын цалин нь ажилласан жил, мэргэжлийн зэрэг, анги даалт, илүү цаг болон ажиллаж буй газрын байршлаас хамааран харилцан адилгүй байна.
Тухайлбал, шинээр ажиллаж буй багш нэмэгдлүүдээ тооцуулахад:
-
Нийслэлд: 2.9 сая төгрөг орчим
-
Аймагт: 3.2 сая төгрөг орчим
-
Суманд: 3.5 сая төгрөг орчим
Харин 20-иос дээш жил ажилласан туршлагатай багшийн хувьд цалин:
-
Нийслэлд: 3.5 сая төгрөг
-
Аймагт: 3.8 сая төгрөг
-
Суманд: 4.1 сая төгрөгт хүрч байна.
Ингээд ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр амласан 26 хувийн нэмэгдэл бодитоор хэрэгжих эсэх нь багш нарын анхаарлын төвд байна. Үүний зэрэгцээ нэмэгдлийг санхүүжүүлэх төсвийн тодотгол хэзээ батлагдах нь тодорхойгүй байгаа нь Засгийн газрын амлалтын хэрэгжилтэд эргэлзээ үүсгэж байна.







Бат · 12 минутын өмнө
Өвөө л цалин аваад байгаа юм биш үү