Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын дарга асан Л.Бямбасүрэн нарын 11 хүнд холбогдох авлига, албан тушаалын хэргийн шүүх хурал өнөөдөр (2026.10.05) Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж байна.

Тэднийг бусдыг хясан боогдуулах замаар авлига авч, мөнгө угаасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн, 2-13 жил хорих ял оноогоод байна. Тухайлбал, Л.Бямбасүрэн нь авлигын тодорхой хэсгийг ажилтныхаа дансаар авсан. Энэ нь мөнгө угаасан үйлдэл гэж шүүхээс дүгнэж, 13 жилийн хорих ял оноосон байдаг. Мөн нийтийн албанд томилогдох эрхийг бүх насаар нь хасаж, 50 сая төгрөг гаргуулан улсын төсөвт оруулахаар шийдвэрлэсэн.

Эл хэргийг Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өчигдөр /2026.04.14/ хэлэлцэн шийдвэрлэлээ.

Эргэн сануулахад, шүүхээс Л.Бямбасүрэн, С.Ундрам, Б.Номинсувд нарыг 2024 оны есдүгээр сарын 19-нд анх авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан цагдан хорих арга хэмжээ авч байсан юм. Өчигдөр шүүгдэгч Л.Бямбасүрэн, Ө.Айгиймаа, Ө.Мөнхтулга, Т.Анхтуяа, А.Төвшин, Т.Ариунтуяа, Б.Номинсувд, С.Ундрам, Д.Баянжав, С.Цэдэнсодном, П.Алтантуяа нарын 11 хүнийг Эрүүгийн хэргийн 18.6-2.1, 18.6-2.3, 22.4-1, 22.4-2, 22.4-3, 22.5-1 зүйлээр шүүсэн. Улмаар тэдэнд торгох ялаас эхлүүлэн 2-13 жилийн хорих ял өгсөн байна.

Шүүхээс 13 жилийн ял аваад буй Л.Бямбасүрэнг Засгийн газрын хуралдаанаар 2020 онд  Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар томилсон. Түүнээс өмнө нь 2016 онд Эрүүл мэндийн дэд сайдаар томилогдож байсан. Түүний төрд ажилласан намтартай танилцана уу.

  • 1982-1984 онд Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төвд асрагч,
  • 1991-1996 онд Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн зөвлөх төвд хүний их эмч,
  • 1996-1997 онд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн хяналтын албанд хүнсний эрүүл ахуйч, улсын байцаагч,
  • 1997-2003 онд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн хяналтын албанд хүнсний эрүүл ахуйч, улсын байцаагч,
  • 2003-2006 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хэлтсийн дарга,
  • 2006-2008 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт дэд дарга,
  • 2008-2012 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга,
  • 2015-2016 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байжээ.