Нэгдүгээр ангийн сурах бичгүүдийг сайд, дарга нарт хамааралтай компаниудаар хийлгэх болсон асуудлыг дэлгэж, Монсудар хэвлэлийн газрын төлөөллүүд мэдээлэл хийлээ.

"Сурах бичиг" гэдэг үгийг сонсонгуутаа их хэмжээний бэлэн мөнгөний бизнес гэж ойлгодог нь туйлын харамсалтай байгааг Монсудар хэвлэлийн газрын захирал Р.Энхбат онцоллоо.

Тэрээр "Бид хайрцаглах гэж үгийг мэднэ. Мөн тавилттай тендер гэж мэднэ. Эхнээсээ хэнийг хэрхэн яаж шалгаруулж, хэдэн төгрөг өгөх вэ гэдэг бүх ажлаа төлөвлөөд тендер зарладаг. Яг ийм хайрцагт бид ороод гарлаа. Төр өөрийнхөө хийх ёсгүй юмыг хийгээд эхлэхээр хайрцаг томорч хийх ажил нь их болж байна. Хийх ажил нь ихсээд ирэхээр мөнгө дагалддаг юм байна. Мөнгө, эрх мэдэл хоёр дагалдахаар мэргэжлийн хүмүүс нь хэрэггүй болдог юм байна.

Монголд хэвлэлийн газар гэдэг бүртгэлтэй 120 гаруй байгууллага бий. Тэдний дунд зарласан нэгдүгээр ангийн сурах бичиг хэвлэх, зохиох тендерт Монсудар хэвлэлийн газар оролцсон. УИХ-ын хоёр гишүүн, тэдний нэг нь сайдаар ажилладаг ийм хүмүүсийн компаниудыг тендерт шалгарууллаа. 

Боловсролын Яам, Боловсролын Ерөнхий Газрын дарга Х.Тамирын шалгаруулсан энэ шалгаруулалт мэргэжлийн түвшинд явагдаагүй. Ер нь эрх мэдэл, мөнгө хоёр засагладаг юм байна.

Мэргэжлийн байгууллага, мэргэжлийн хүмүүс боловсролыг хөгжүүлэх учиртай. Гэтэл мэргэжлийн хүмүүс, мэргэжлийн байгууллагуудын хэрэгцээ байхгүй болжээ. Хэвлэлийн хоёр үйлдвэр орж ирээд бүх захиалгыг ном ёсныхоо дагуу өөрийн болгож авлаа.

Төр засгийн мөнгө, эрх мэдэл хоёр нэмэгдээд ирэхээр төсөв нэмэгддэг. Одоо бас төсөв хэлэлцэж байгаа. Төсвөөр маш том том ажил явагддаг ч үр дүнг нь хэзээ ч тооцдоггүй. Энэ хэвлэлийн бага хурлын дараа бид УИХ-д бичиг явуулъя гэж төлөвлөсөн.

Боловсролын салбарт хийсэн ажлын үр дүн гардаггүй. Том ажлууд явагдсаар төсвөө нэмээд байвал хамгийн ажиллагаатай яам, хамгийн сайн ажилладаг сайд болж хувирдаг тогтолцооноос гармаар байна" хэмээн ярилаа. 

"Хиймэл оюунд даалгавар өгөөд сарын дотор зарлагдсан тендерт ялагч болж байна"

Үргэлжлүүлэн "Хиймэл оюунд даалгавар өгөөд сарын дотор зарлагдсан тендерт ялагч болж ирж байгаа хүмүүсийг нийгэмд хэлэх ёстой гэж бодож байна.

Бид өөрсдийнхөө контентыг Монголын бүх хүнд хүрээсэй гэж боддог. Монголын хэвлэлийн салбарт маш олон хүүхдийн контентыг манайх хийсээр ирсэн. Тэдгээр контентыг хийх чадвартай хүмүүс цөөн бий. Үнэлэмж нь өндөр байдаг учраас нийт ард түмний хэрэглээ болж чаддаггүй юм аа.

Бид сурах бичгээр дамжуулан өөрсдийн контентыг хүүхдүүдэд хүргэе гэсэн зорилгоор энэ ажил руу орсон. Гэтэл сурах бичиг гэдэг үгийг сонсонгуутаа их хэмжээний бэлэн мөнгөний бизнес гэж ойлгодог нь туйлын харамсалтай.

Энэ нөхцөл байдлыг хүмүүст дэлгэрүүлж ярихгүй бол хэвлэх үйлдвэр, хэвлэлийн газрынхаа ялгааг ч гаргаж чаддаггүй. Өөрөөр хэлбэл хэвлэлийн газар гэдэг нь улс орны оюун санааны ундарга болж байдаг газар.

Хэвлэлийн газруудын дунд зарласан уралдаанд хоёр үйлдвэр орж ирээд бүх юмыг хамаад явчихна гэхээр үнэхээр өрөвдөлтэй" гэдгийг тэрбээр ярив.