ТОДРУУЛГА: Баавгайд бариулсан эмэгтэйд мэс заслыг хийж дууслаа
38 минутын өмнө

Баавгайд бариулсан 55 настай эмэгтэйг ГССҮТ-д мэс засалд орох гэж буй байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл эл мэс заслын талаар нь ГССҮТ-өөс тодруулахад, Баавгайд самардуулсан иргэнийг ГССҮТ-ийн Салбар эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлсэн. Толгойн арьсны том хэмжээний хуулагдсан шархны анхны цэгцэлгээ, эмчилгээ хийх мэс заслыг хийснээр биеийн байдлыг тогтворжуулсан.
Улмаар өнөөдөр нарийн мэргэжлийн оношилгоо, шинжилгээний дагуу төвийн Толгойн мэс заслын тасагт шилжүүлэн, 14:00 цагийн үед мэс засал эмчилгээнд оруулсан.
Уг мэс засал эмчилгээгээр гавлын ясны цөмөрсөн хугарлыг авч, тархи даралтыг чөлөөлөх, толгойн арьсны том хэмжээний шарханд хоёрдогч цэгцэлгээ хийсэн.
Одоогийн байдлаар, өвчтөний биеийн байдал хүнд, ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт шаардлагатай тусламж үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлж байна" гэлээ.






