"Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна"
1 цагийн өмнө

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй “Сэлбэ ухаалаг хот” төслийн эхний блокуудыг 2027 оны дөрөвдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Нийт 158 га талбайг хамрах тус төслийн хүрээнд 113 блок бүхий 8575 айлын орон сууц барина. Мөн 5780 хүүхдийн суудалтай таван сургууль, 1520 хүүхдийн суудалтай найман цэцэрлэг, дөрвөн өрхийн эмнэлэг, соёл, спортын цогцолбор болон гал унтраах анги байгуулахаар төлөвлөсөн байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, хэрэгжилтийн явц, тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонсжээ. Уулзалтын үеэр гүйцэтгэгч байгууллагууд бараа материалын татан авалт, үнийн өсөлт, ажиллах хүчний хүрэлцээтэй холбоотой хүндрэл тулгарч байгааг танилцуулсан байна.
Энэ талаар хотын дарга Б.Пүрэвдагва “Сэлбэ ухаалаг хот” төслийн санхүүгийн загварт асуудал байгааг дурдаж, үүнийг баг хамт олноороо шийдвэрлэх шаардлагатайг хэлэв. Тэрбээр “Сэлбэ ухаалаг хот” нь зорилго зөв, хүлээлт өндөртэй төсөл гэдгийг онцлоод, гэр хорооллыг орон сууцжуулах, газар чөлөөлж, дахин төлөвлөлт хийх нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтойг тэмдэглэжээ.
Төслийн нийгмийн байгууламжуудыг 2028 онд ашиглалтад оруулснаар цогц бүтээн байгуулалт бүрдэх аж. Мөн нийслэлээс “Сэлбэ ухаалаг хот”-д их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд гүйцэтгэгч байгууллагууд ажлаа төлөвлөсөн хугацаанд чанартай гүйцэтгэх шаардлагатайг хотын дарга хэллээ.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс






