Борооны ус зайлуулах 24 ширхэг шүүр тагийг хулгайлж, заржээ
56 минутын өмнө

Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Жанцан дэлгүүрийн орчимд борооны ус зайлуулах шүүр таг байхгүй болсон тухай дуудлага, мэдээллийн дагуу шалгалт хийхэд, нийт 24 ширхэг шүүр таг алга болсон нь үзлэг шалгалтаар тогтоогдсон.
Шалгалтын хүрээнд алга болсон шүүр тагуудаас тодорхой тооны шүүрийг хоёрдогч түүхий эд, төмрийн хог хаягдал худалдан авдаг цэгээс олж авсан байна.
Авто замын борооны ус зайлуулах шугамын шүүр тагийг хулгайлах, зөвшөөрөлгүй авч, төмрийн хог хаягдалд тушаах тохиолдол гарч байгаа нь нийтийн эзэмшлийн зам, талбайн аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулж байна.
Шүүр таггүй болсон ус зайлуулах худаг нь явган зорчигч, жолооч, дугуйтай зорчигчдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй.
Ялангуяа шөнийн цагаар болон бороо орж, ус тогтсон үед ил задгай худаг анзаарагдахгүй байх эрсдэлтэй бөгөөд улмаар хүн унах, автомашин болон дугуй нүхэнд орох зэрэг осол гарах нөхцөл бүрддэг аж. Иймд иргэд та бүхнийг:
• Нийтийн өмчийг хамгаалах: Борооны ус зайлуулах шүүр тагийг зөвшөөрөлгүй авах, хулгайлах, гэмтээхгүй байх;
• Шуурхай мэдээлэх: Шүүр таггүй болсон, эвдэрч гэмтсэн ус зайлуулах худаг илэрвэл тухайн байршлыг байгууллагын 7720-0200 дугаарт нэн даруй мэдэгдэх;
• Сонор сэрэмжтэй зорчих: Авто зам болон явган хүний замаар зорчихдоо ил задгай худаг, эвдрэл гэмтлээс сэрэмжлэхийг анхааруулж байна.






