Анчин О.Пүрэвдорж: Баавгай хамгаалж байна гээд амиа өгч таарахгүй
49 минутын өмнө

Сүүлийн үед суурин газруудаар баавгай ихээр үзэгдэж иргэдийг айдаст автуулаад байгаатай холбоотой Булган аймгийн Могод сумын харьяат, ахмад анчин Отгоны Пүрэвдоржтой ярилцлаа.
-Манай оронд төдийгүй дэлхийн бусад орнуудад ч баавгай суурин газар руу ихээр орж ирэх боллоо. Энэ талаар яриагаа эхэлье?
-Ер нь баавгай тал руу бууж ирнэ гэдэг нь цаагуураа байгалийн нэг зохицол. Магадгүй хоол тэжээлийн хомсдол ч байж мэднэ. Өлссөн зэрлэг амьтан тул учир мэдэхгүй шүү дээ. Замдаа таарсан бүхнийг эвдэн сүйтгэж, хоол хүнс хайна. Тэгэхээр устгах, аюулгүй болгохоос өөр аргагүй. Байгаль, ан амьтнаа хамгаалах нь зөв. Гэхдээ хүнээ хамгаалах нь чухал шүү дээ. Түүнийг төр засаг бодлогоор зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэхээс өөр арга зам байхгүй. Баавгай хамгаалж байна гээд амиа өгөөд сууж байж таарахгүй. Баавгайг хооллоно гэж яриа гарч байсан. Энэ бүтэхгүй ээ, хэчнээн баавгайг яаж хооллох юм бэ. Ой модоор дүүрэн тарж, тэнэж байгаа бүгдийг тоолж бүртгэж хаших юм уу. Тийм бүтэхгүй зүйл яриад сууж байх хүн байх уу даа. Араатан амьтдын аюул тулгарах үед авах арга хэмжээг ч гэсэн иргэддээ зааж хэлэх ёстой. Манай Булган аймаг ой тайга ихтэй, баавгай араатан ч ихтэй. Хүмүүс жимс жимсгэнэд явахдаа түмпэн сав дуугарган дуу чимээ ихээр гаргадаг байдал нь баавгайнаас сэргийлж буй нэг төрлийн арга юм.
-Баавгай ихээр үзэгдэх нь юунаас болж байгаа вэ?
-Минийхээр идэш тэжээлийн тухайд л өөрчлөлт ороод байгаа болов уу гэж бодож байна. Монгол-Оросын хилийн ой тайгаар холбогдсон хэсгээр ан амьтан, араатан жигүүртэн орж гарч байхыг алийг тэр гэхэв. Гэхдээ цаг уурын байдал өөрчлөгдөж, хуурайшилт зэргээс самар жимсний болц наана цаана болдог болж. Хүнс хоолондоо цадсан баавгай ингэж тэнэх учиргүй л юм. Баавгай, ан амьтан, жимс ургамал, загас жараахай гэх мэт олон төрөл хоолтон шүү дээ. Магадгүй өлсөхийн эрхээр шоргоолжны үүрээр хооллоод хорхойсоод гарч ирээд байгаа болов уу. Шоргоолжны үүр гэдэг тэр чигээрээ хүчил буюу цул спирт байгаа юм. Тэгэхээр согтуу хүн ямар байдгийн адил гэж бодож байгаа. Гэхдээ ан амьтан гэдэг цаанаасаа зөнтэй. Хүнээс айж эмээдэг хэдий ч ядраад ирэхээрээ хүн рүү ойртдог. Хэдийгээр хэл мэдэх, ухаан үгүй ч аврал эрж хүн рүү дөхдөг юм.
-Магадгүй араатан амьтдын тоо толгой олон болсон юм болов уу. Ан ав хийх зохицуулалт гэж байсан уу?
-Тийм тал байж болно. Урьд нь улс даяар есдүгээр сарын 15-наас амьтад төллөх үе хүртэл бүх ангийн хорио тавигддаг байлаа. Тэр үед Ангийн нийгэмлэгийн гишүүн хүн бүр жилдээ авлаж болдог норм гэж байлаа. Нэг хүн нэг гахай, гөрөөс, үнэг, долоо хоногт хоёр тарвага агнаж болох зөвшөөрөл олгодог байлаа. 1980-аад оны эхээр Югаслав улс руу буга экспортолдог байсан. Нэг гулууз мах 2000 ам.долларын үнэтэй байсан гэж яригддаг байлаа. Толгойг аман хүзүүгээр нь аваад гэдэс дотрыг гаргаад, аарцгаар нь дэлгэж хөлдөөгөөд вагоноор гаргадаг байсан. Чив засааг нь аваад Хятад руу гаргадаг байв. Байгаль эхийн өгөөж их шүү дээ. Бид цагийн ажилтай улсууд тэр бүр уул тайгаар тэнээд явах зав байхгүй, зөвхөн амралтын үеэрээ л хааяа нэг ан гөрөөнд явах үе гарна. Заримдаа улсын төлөвлөгөөт ажилд оролцоно.
-Та анх хэдэн настай ан хийж байсан бэ?
-Манай аав гөрөөчин цахиур буугаар ан хийдэг хүн байлаа. Ахыгаа цэргээс ирэхэд дагаж явсаар, найман настайгаасаа зурам тарвагаар эхэлж ан гөрөөнд хорхойссон хүн. 1961 онд аравдугаар анги төгсөөд, их сургуулийг Барилгын инженер мэргэжлээр дүүргээд эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр болохоор томилолт өвөртлөн гарч өгсөн. Орон нутаг, аймгуудаар барилгын бригадтайгаа явдаг байлаа. Тухайн үед гурав гурван жилээр томилогддог. Дорноговь, Сэлэнгэ, Булган, Архангай, Баянхонгор гээд аймгуудаар явсан.
-Та Ангийн нийгэмлэгийн анчин хүн байсан гэж хэллээ. Баавгай агнаж байв уу. Ангийн үеийн сонин түүх дурсамж бий л байх даа?
-Алив ан гөрөөг хийхдээ учиртай хандах ёстой юм. Анчин хүн гэдэг агнахын зэрэгцээ ан амьтад, байгаль орчноо хамгаалж явдаг. Гишүүн байх нь нөгөө талаар хариуцлага юм л даа. Хамгийн эхэнд газар орон, ан амьтдаа сайтар ажиглаж судлах хэрэгтэй. Бидний үед ан гөрөөнд явахдаа хэзээ хаана хонох, хэдий орчим хугацаагаар явах, юу агнахаа сайтар бодож явдаг байв. Мөн ямар анд зорих гэж буй тэрийгээ агнахыг бодно. Түүнээс таарсан бүхнээ агнахгүй. Байгаль дэлхий, араатан амьтнаа харж бишрээд сүсэлж залбираад өнгөрнө шүү дээ. Яагаад гэвэл тэр амьтанг агнах гэж ирээгүй бол заавал алах хэрэггүй. Нэг удаа гахай агнахаар явж байгаад буудсан чинь огло үсрээд л хадан дундуур орчихов. Нэг модтой хадны доогуур орсныг тооцоолоод, дөхөж очоод л ойрхон зай гээд дурангаа салгах гэтэл дарж амжилгүй өнөөх маань үсрээд гараад ирсэн. Гахайн далан тушаа буугаа тулгахад би хойшоо үсрээд л явчихсан. Гэхдээ тэр гахай над руу дайрч байгаа юм биш л дээ, амьтны биед юм хүрэх дөхөхөд зөнгөөр л босоод харайхад би тулж ирсэн хүн дайруулж байгаа нь тэр байхгүй юу. Би гэдрэг савж ойчоод, өнөөх маань дээгүүр харайгаад л алга болж өгсөн. Ан авд явахдаа их болгоомжтой, өөрт болон араатан амьтандаа аюулгүй л явахыг эрхэмлэдэг байлаа. Баавгай агнаж байсан тохиол ганц нэг бий. Мөн би агнасан амьтдаараа чихмэл сонирхон хийж, музейд өгч байлаа.
Хэрэв ан авлах гэж байгаа бол сайтар ойртож, бат найдвартай агнахыг хичээдэг. Холоос дутуудуулж буу тавих, шархдуулж орхихыг цээрлэдэг байсан даа. Одооны залуус ан амьтны бараа харагдангуут л хол ойр, найдвартай эсэхийг үл анхааран оносон оноогүй үл хамааран буу тавьж буйд эмзэглэдэг. Дутуудуулж шархдуулаад хаяж болохгүй. Зун бол өтнө, бусад үед зовно шүү гэж тэр амьтнаа бодож байх ёстой. Тарвагыг хүртэл буундаа эрдэж хар холоос буудаад хамгийг тасчаад хаяж байдаг болж.
Бас нэг явдал гэвэл, 1987 онд ангийн бригадаараа Өмнөговь аймгаас 19 янгир барьж, Богд уулын Нүхтийн аманд авчирч нутагшуулж байлаа. Тухайн үед тор тавьж барьж аваад, нүд чихийг нь боогоод, нэг нэг халбага цэвэр спирт уулгаж хайрцагт хийгээд гурван 469 машинд авч ирж байсан. Нүд чихийг нь боохгүй бол янгир бол айхавтар үсэрдэг байж билээ. Эхлээд барих үедээ эсгий гэрт хаагаад байж байхад дээшээ л тооно руу хараад байдаг юм билээ. Тэгж байгаад хана руу нэг тийрээд тооноор үсрэн гарч ганц нэгийг алдаж байлаа.
-Ан авлах, амьтны амь таслах учиртай байлгүй яахав. Дээр үед тарвагыг хошгируулж агнадаг байсан гэдэг. Одоо яадаг юм бол?
-Авлах гэж байгаа ангаа сайн судлах ёстой. Тарвагыг хошгируулахад хамгийн түрүүнд эх тарвага нь гарч ирдэг юм. Тэрийг нь танихгүй буудаж болохгүй. Ойр зайнд очих ёстой гэдэг нь жижигхэн зулзага мөндөл бол амины гарз гэх мэтээр бодож агнах хэрэгтэй. Хуучин цагт наймдугаар сарын 15-наас хойш тарвага агнахыг зөвшөөрөгддөг байсан нь бас учиртай. Нас хугацаа, тарга тэвээрэг, арьс үс нь төлжиж гүйцнэ. Авласан ангийн бүх зүйлийг ашиглана, нэг ч юмыг хаяхгүй. Гэтэл одоо тарвага ичээнээс гарангуут өөрийгөө сүрхий мэргэнээ гайхуулж өрсөлддөг болсон ч юм уу. Хошгируулж буудахаа байж, сахиж бууддаг болж. Сахиж буудахын нэг аюул тахалтай тарвага байвал аюул тарина гэсэн үг. Хошгируулж агнахад өвчтэй тарвага гарч ирдэггүй, эрүүл тарвага хошгирдог юм.
-Ан гөрөө сонирхдог залууст юу хэлмээр байна?
-Байгаль дээр илүү амь гэж байдаггүй. Ялангуяа амьтны амиар тоглож зугаагаа гаргаж болохгүй. Тааралдсан бүхэн рүүгээ буу шагайгаад байж болохгүй. Ан авд явахаасаа өмнө надад хэдэн ширхэг юу хэрэгтэй вэ гэж бодож тооцож явах хэрэгтэй. Түүнээс гахай агнана гэж гараад, буга таарахаар нь намнаад байж таарахгүй. Авласан бол тухайн ангийнхаа бүх зүйлийг авах хэрэгтэй. Дуран хараатай, хэт хүчтэй хурдан буугаар хар холоос юу ч үгүй болтол хиаруулж хаячихаад авах арьс, махгүй болгоод хаяад явж байгааг үзэх харамсалтай санагддаг. Тэр амьтан амьдарсан ч юм үгүй, тухайн хүн хэрэглэсэн юм үгүй байж болохгүй шүү дээ. Хэдийгээр ангийн хууль журам гарч, хорио цээртэй болсон ч монголчууд бид чинь их том толгойтой, дураараа улс шүү дээ. Яаж ийгээд л дураараа занг гаргаад байдаг. Магадгүй нүүдэлчин угсааны гентэй холбоотой юм.
Бүх юмаа өөрөө мэдээд, өөрөө хийгээд амьдарчихдаг. Тэр утгаараа ан амьтан, байгаль дэлхийтэй харьцахдаа болгоомжтой байхгүй бол өнөөдөр юм хөгжиж техник технологи айхавтар болж. Хурдан машин, хурдан буундаа эрдэж ан амьтдыг хядах, шархдуулж хаях зэрэг нь ан гөрөө биш гэдгийг залуус минь анхаарч санаж явах хэрэгтэй. Сайн анчин хүн эм амьтан, үр зулзага амьтдыг агнахаас цээрлэх хэрэгтэй. Урьдын нэг домог байдаг, нэгэн анчин холхон зайнаас гөрөөс гараад ирэхэд буудаж, дөхөөд очтол дэлэнгээс нь сүү гоожиж байж. Өнөө анчин эх үрийг амьдын хагацалд унагав би, ийм анчин байх гэж хэмээн харуусаад өөрийгөө буудан амиа зольж байсан гэдэг. Байгалиас авах юмаа авч болно оо, гэхдээ учиртай байх хэрэгтэй.
-Та одоо ан ав, байгаль дэлхийд ойр яваа хүн. Ан автай холбоотой таны бодож санаж явдаг зүйл бий юу?
-Би одоо ч дулааны улиралд уул тайгаар тэнээд явчихдаг хүн. Монгол орон хамгийн амар амгалан, сайхан орон шүү. Монгол хүн эрүүл өндөр наслах бүх боломж бий. Эрт үеэс дөрвөн улиралдаа тохируулан хооллож ирсэн. Зуны цагт мах идэхгүй. Архи дарс хэрэглэхгүй. Шимийн архийг настайчуул нь багаханаар тохируулж шим болгож хэрэглэнэ. Бямбын Ринчен гуайн хэлснээр 500 нэр төрлийн эмийн ургамлаар бэлчээрлэдэг малын мах иднэ гэдэг хэн хүнд олдохгүй сайхан боломж. Би цай худалдаж авдаггүй, хээрээр явахдаа жаахан ургамал түүчихээд ирдэг. Хэдэн жилдээ хандлаад уухад хүрэлцдэг дээ. Хээрийн эмийн ургамал гэдэг чинь эм ч болно, унд ч болно. Гэтэл сүүлийн үед олон төрлийн гадаадын элдэв хүнс хэрэглэж өөрсдөдөө өвчин цуглуулах болжээ. Хөдөө хээр агаар салхинд гараад явчихаар бие, сэтгэлийг тэтгэх хөдөлгөөн болчихож байгаа юм. Байгаль дэлхийтэйгээ зөв зохистой харьцаж байвал өгөөж тун их гэж дахин хэлье. Байгаль дэлхий, ан амьтаддаа ойр явсны хувьд улс орны журам дүрэм гаргадаг хүмүүст хандаж нэг зүйл хэлмээр байдаг. Одоо цагт юм хөгжөөд олон долоон төрлийн буу оруулж ирэх болж. Ан авд хэрэглэх бууны стандарт гэж байх хэрэгтэй шүү. Ан ав хийж болно оо. Гэхдээ ан амьтад байгаль дэлхийгээ хайрлаж, энэрч байх хэрэгтэй байдаг юм. Дайн байлдаанд явж эх орноо хамгаалах гэж байгаа хэрэг биш шүү. Зохицуулалт хийх нь зөв. Хэт хол тусгалтай, дуу намсгасан гэх мэт бууг ан авд хэрэглүүлж болохгүй ээ. Ан амьтдаа хядаж байна шүү дээ.
Цаашлаад байгаль дэлхий маань сөрөг хувьсалд орж мэднэ. Байгаль эх гэдэг өөрийн хуультай. Араатан амьтад догшироод буй нь бас нэг зүйлийг өгүүлж буй ч байж болох юм. Нөгөө талаар суурьшмал амьдралд бидний дураараа зан нь жаахан төвөгтэй болоод байгаа тал бий. Алив ажил үйлсэд нэгдэж чадахгүй, улс орноо үл тоогсод олширчээ. Хүн гэдэг байгалийн амьтан гэдгээ мартаж болохгүй. Мөн эвлэлдэн нэгдэхгүйгээр байгалийн хүчний өмнө сул дорой амьтан шүү дээ. Байгалийн дүрмээ зөрчвөл байгаль эх өөрөө яаж зохицуулалт хийхийг хэлж мэдэхгүй юм.
Б.ДАРИЙМ
Өдрийн сонин






