Германы дизайнер Симон Веккерт хиймэл оюунд суурилсан хяналтын камерт хүнийг танихад хүндрэл учруулах зориулалттай, өнгө алагласан хээтэй цамц бүтээжээ.

“Digital Camouflage” буюу “Дижитал өнгөлөн далдлалт” хэмээн нэрлэсэн уг цамц нь гаднаасаа зуны алаг эрээн цамц шиг харагддаг ч хээний зохиомж нь хиймэл оюуны дүрс таних системийг төөрөгдүүлэх зорилготой аж.

Загвар зохион бүтээгч Симон Веккертийн тайлбарласнаар хиймэл оюун нь хүнийг бодит утгаар нь ойлгодоггүй, харин олон сая зурагт үндэслэн хүний дүр төрх, биеийн харьцаа, хэлбэр болон дүрсний онцлогийг таньж сурдаг байна. Тиймээс эдгээр шинж тэмдгийг зориудаар өөрчилсөн хээ нь дүрс таних системд хүн байгаа эсэхийг тодорхойлоход хүндрэл учруулж болзошгүй юм.

Сонирхолтой нь, уг цамцны хээг мөн хиймэл оюуны тусламжтайгаар бүтээжээ. Ингэхдээ хээний хувилбаруудыг дүрс таних системд туршиж, хүнийг таних магадлал хэрхэн өөрчлөгдөж байгааг хэмжин, үр дүнд нь тулгуурлан дахин боловсруулдаг “adversarial loop” буюу сөргөлдөөнт давталтын аргыг ашигласан байна.

Веккертийн хэлснээр машины сул талыг хүний нүдээр таамаглахад хэцүү тул тухайн системд ямар дүрс, хээ танихад хүндрэл учруулж байгааг туршилтаар тогтоох шаардлагатай байжээ.

Хачирхалтай нь, хүний нүдэнд тод, содон харагдах уг цамц нь дизайнерын туршсан хиймэл оюуны системд хүний дүр төрхийг танихад саад болж байв. Гэхдээ энэ нь бүх төрлийн хяналтын камер, хиймэл оюуны системд үл танигдана гэсэн үг биш юм.

Энэхүү бүтээл нь хиймэл оюуны хяналтын технологи хөгжихийн хэрээр хүний хувийн нууц, олон нийтийн орчин дахь хяналт болон дүрс таних системийн хязгаарын талаар шинэ асуулт хөндөж байна.