Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ өдрүүдэд Дорноговь аймагт ажиллаж байна.

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийг Сайншанд хотын төв талбайд хүрэлцэн ирэхэд Дорноговь цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа.

Тэрбээр бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, хөтөлбөрийн үр дүнгийн талаар товч танилцууллаа.

Эдийн засаг 6.8 хувиар өсөн, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар давж, уул уурхайн бус экспорт, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 8.9 тэрбум ам.доллар болж, 745 мянган тн үр тариа, ургац хураан авсанд Дорноговь аймгийн төр, захиргааны байгууллага, хувийн хэвшил, баялаг бүтээгчид, иргэдийн хувь нэмэр их байсныг тэмдэглэлээ.

Гадаад харилцаа өргөжин, 21 улсын төрийн тэргүүн айлчилж, улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн бэхэжсэн жилүүд болж байгааг онцлов.

Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж буй үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүд орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд үр дүнгээ өгч байгааг аймгийн удирдлагууд хэллээ.

Ялангуяа Газрын тос боловсруулах үйлдвэр, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, Замын-Үүд боомт дахь “Бүс нутгийн логистикийн төв” зэрэг бүтээн байгуулалт нь аймгийн тээвэр логистик, аж үйлдвэрийн хөгжлийг шинэ шатанд гаргаж, хөрөнгө оруулалт, ажлын байр, бизнесийн боломжийг нэмэгдүүлэх, улмаар урт хугацааны тогтвортой хөгжлийн чухал суурь болохыг тэмдэглэв.

Хар төмөрлөг, зэс боловсруулах, цементийн үйлдвэрийн төсөл хэрэгжиж байгаагийн зэрэгцээ Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226,9 км төмөр зам, Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн хүнд даацын автозам ашиглалтад орсноор жилд 15 сая тн ачаа тээвэрлэжээ.

2025 оны байдлаар аймгийн Дотоодын нийт бүтээгдэхүүн 1.6 их наяд төгрөгт хүрсний 79 хувийг үйлчилгээ, 17 хувийг хөдөө аж ахуй, 13 хувийг үйлдвэрлэлийн салбар бүрдүүлдэг юм.

“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд аймгийн аж ахуйн нэгжүүд 2023-2026 онд 3 тэрбум орчим төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэл эрхэлж байна.

Үүний дүнд мах, өндөгний хэрэгцээг 100, сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг 77, төмс, хүнсний ногооны хэрэгцээг 30 хувь дотоодоос хангадаг болжээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1 сая 73 мянган мод тарьж, нийтийн эзэмшлийн зориулалттай 15 цэцэрлэгт хүрээлэн байгуулаад байна.

Аж ахуйн нэгжүүд Мод үржүүлгийн газар байгуулахын зэрэгцээ хамгаалалтын зурвас болон ойжуулалтын талбайг 160 га-аар нэмэгдүүлж, 381 мянган ширхэг мод, бут сөөг тарьж, ургуулжээ.

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд аймгийн 30 гаруй оюутан дэлхийн 10 улсад 16 мэргэжлээр суралцаж байна.

XX зуун тусгаар тогтнолын зуун байсан бол XXI зуун эдийн засгийн аюулгүй байдлаа хангасан, үйлдвэрлэгч, экспортлогч орон болсон зуун байх ёстой гэж үздэгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов. Энэ хүрээнд “Олборлолтоос боловсруулалтад, халамжаас хөдөлмөрт, импортоос экспортод” гэсэн суурь шинэчлэл үргэлжилж хэллээ.

Цаашид эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүн, хүнс, цемент, ган, бордооны хэрэгцээг дотоодоосоо хангаж, улмаар экспортлогч орон болоход хүн бүрийн оролцоо, хувь нэмэр нэн чухал байгааг тэмдэглэв.

Тэрбээр аймгийн бүх байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд амжилт хүсэн, бүх шатанд сахилга, хариуцлагатай, ёс зүйтэй байж, ололт, амжилтаа бататган, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэн, улс Монголоо хөгжүүлэхийн төлөө хичээн зүтгэхийг уриаллаа.