Говь-Алтай аймгийн Цогт суманд малын гоц халдварт ямааны годрон өвчин бүртгэгдэж, тархсантай холбогдуулан тус аймгийн Цогт, Дэлгэр сумын 44 өрхийн 20,855 малыг устгалд хамруулж, 92.7 мянган метр квадрат талбайд халдваргүйтгэл хийн голомтын эцсийн ариутгалыг бүрэн дуусгаад байгаа талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. 

Өчигдрийн байдлаар Говь-Алтай Одоогийн байдлаар идэвхтэй тандалтад 102 өрхийн 44.7 мянган мал, идэвхгүй тандалтад 10 сумын 255 өрхийн мал сүргийг хамруулаад байгаа бөгөөд годрон өвчний өвчлөл 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс хойш шинээр бүртгэгдээгүй байгаа юм байна. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэг даалгавраар МЭЕГ-ын дарга Х.Алтангэрэл тэргүүтэй мэргэжлийн баг 2026 оны 10 дугаар сарын 16-наас 21-ний өдрүүдэд тус аймагт ажиллаж, холбогдох байгууллагуудыг нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байгаа ба урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд тухайн сумын мал эмнэлгийн байгууллагуудад годрон өвчний шинж тэмдэг, халдвар дамжих зам, эрсдэлийг бууруулах мэдээллийг малчдад шуурхай хүргэх үүрэг өгчээ. 

Мөн Хөдөө аж ахуйн тасаг, Мал эмнэлгийн тасгийн үйл ажиллагааг дэмжих, зөвшөөрөлгүй отор нүүдэл, малын шилжилт хөдөлгөөн болон хээлтүүлэгч малд тавих хяналтыг эрс сайжруулах чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллаж байна гэв.