14, 15 НАСТАЙ АХ ДҮҮ ХОЁР УСАНД ЖИВЖ БАЙСАН ЭМЭЭ, ХОЁР НАСТАЙ ХҮҮХДИЙН АМЬ НАСЫГ АВАРЧЭЭ
54 минутын өмнө

АНУ-ын Индиана мужийн өсвөр насны хоёр хүү усан сан мэт тогтоол усанд живэх аюулд орсон эмээ болон түүний хоёр ач зээг аварч, жинхэнэ баатар гэдгээ харуулжээ. Тэдний аварсан хоёр настай хүү тэргэн дотроо усанд живж байсан аж.
Индиана мужийн Кармел хотод аравдугаар сарын 12-ны даваа гарагт 15 настай Мэддокс Ларжер, 14 настай Грант Ларжер гэх ах дүү хоёр тогтоол усны ойролцоо байжээ. Гэтэл гэнэт усанд юм унах чимээ сонсогдож, тэд очиж харахад хүмүүс усанд хөвж байв.
“Би усанд юм палхийж унах чимээ сонсоод очиж хартал тэд усанд хөвж байсан” хэмээн Грант ярьжээ.
Хөвгүүд гэр бүлийнхэн ноцтой аюулд орсныг тэр даруй ойлгосон байна. Хоёр настай хүүхэд сууж явсан тэргэн усанд хэсэгчлэн живсний улмаас эмээ нь хүүхдүүдээ аврах гэж оролдон өөрөө усанд хүнд байдалд оржээ. Харин дөрвөн настай нөгөө ач нь эмээгийнхээ нуруунд үүрүүлсэн байдалтай байв.
Харамсалтай нь эмээ болон дөрвөн настай хүүхэд хоёулаа сэлж чаддаггүй байжээ.
Кармелийн усан сэлэлтийн клубт хичээллэдэг, сайн сэлэгч Мэддокс огт эргэлзэлгүй ус руу үсрэн орсон байна. Ах дүү хоёр хамтран эмээ болон дөрвөн настай хүүхдийг уснаас гаргаж, эрэгт эсэн мэнд хүргэжээ.
Гэвч Мэддокс тэргэн дотор өөр нэг хүүхэд үлдсэнийг анзаарсан байна.
“Бүгдийг уснаас гаргасныхаа дараа тэргэн дотор нялх хүүхэд үлдсэнийг ойлгосон” хэмээн тэр ярьжээ.
Мэддокс тэр даруй тэргийг тайлж, хоёр настай хүүг гарган авчээ. Тэрээр хүүхдийн биеийг тонгойлгон усыг нь гаргахыг оролдож, нуруунд нь зөөлөн алгадаж тусалсан байна.
“Аз болоход тэр хүү ус ханиалгаж гаргаад, дахин амьсгалж чадсан” гэж Мэддокс хэлжээ.
Энэ хооронд Грант 911 дугаар руу залгаж, түргэн тусламж болон аврах албанд болсон явдлыг мэдэгдсэн байна.
Кармел хотын гал түймэртэй тэмцэх алба болон цагдаагийн ажилтнууд өглөөний 11:15 цагийн орчимд хэргийн газарт ирэхэд хоёр хүүхэд уснаас гарсан, ухаантай боловч уйлж байжээ. Аврагчид тусламжийг гартаа авах хүртэл ах дүү хоёр гэр бүлийнхний дэргэд үлдсэн байна.
Хотын олон нийтийн аюулгүй байдлын албаныхны мэдээлснээр өсвөр насны хөвгүүдийн шуурхай, зоригтой үйлдэл хоёр настай хүүхдийн амийг аврахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэжээ.
“Тэдний баатарлаг үйлдэл эмгэнэлт явдал болох байсан нөхцөл байдлыг гайхамшигтай үр дүн болгон өөрчилсөн” хэмээн цагдаагийн түрүүч Мэтт Кайнсли онцолсон байна.






