ТАНИЛЦ: УИХ-ын гишүүн У.Отгонбаярын санаачилсан "Үндэсний их баяр наадмын тухай хууль"
19 цагийн өмнө

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилж, төслөө D.parliament.mn цахим платформд 10-р сарын 13-ны өдөр байршуулан иргэдийн саналыг авч эхэллээ.
Хуулийн төслийн,
101.1. Улсын баяр наадам болон Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулдаг шигшмэл, бүсийн үндэсний хурдан морины уралдаанаас гадна хаврын хурдан морины уралдааныг аймаг, нийслэлд жил бүр зохион байгуулж болно.
101.2. Энэ хуулийн 101.1-д заасан хаврын хурдан морины уралдааныг хаврын тэргүүн сарын шинийн 15-ны, эсхүл түүний доторх аль нэг өдөр цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан товлож, зохион байгуулна. Уралдааны товыг Засгийн газрын шийдвэрээр тогтооно.
101.3. Хаврын хурдан морины уралдаан зохион байгуулахдаа дараах шаардлагыг хангасан байна:
101.3.1. Морь уралдуулах замыг тусгайлан засаж, аюулгүй байдлыг бүрэн хангаж, уралдуулах;
101.3.2. Уралдааны морийг 14 болон түүнээс дээш насны уралдаанч хүн унаж уралдуулах;
101.3.3. Уралдаанч хүнийг энэ хуулийн 13.2-т зааснаас өөр дулаанаа хадгалдаг, салхи, ус, цас нэвтрүүлдэггүй хувцас, осол, гэмтлээс хамгаалах хэрэгсэл өмсгөж уралдуулах бөгөөд эдгээр хувцас, хэрэгсэл нь сэрүүний улиралд тохирсон байх;
101.3.4. Уралдаанч хүнийг энэ хуулийн 10.2-т заасан даатгалд заавал даатгуулж, өөрийнх нь хүсэлтийг үндэслэн түүнтэй болон түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй гэрээ байгуулсан байх; ... гэж заажээ.
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах дараах хууль зүйн үндэслэл, практик шаардлага байгаа болно. Үүнд:
Үндэсний их баяр наадам нь "Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх, соёл, өв уламжлал, зан заншлыг бэлгэдсэн үндэсний уламжлалт баяр" билээ. Монголчуудын үндэсний бахархлыг бадрааж, нүүдлийн соёл иргэншлийг дэлхий дахинаа сурталчилдаг Үндэсний их баяр наадам бол монгол түмний үндэсний ижилсэл-ондоошлын ухамсарт гүн нөлөөтэй чухал үнэт зүйл, арга хэмжээ юм. Тиймээс Монгол Улсын түүхийн бүхий л цаг хугацаанд монголчуудын үндэсний ухамсрыг сэргээх үйл хэрэгт онцгой үүрэг гүйцэтгэсэн байдаг. Үндэсний их баяр наадмыг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдсон харилцааг Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний их баяр наадмын тухай хуулиар тусгайлан зохицуулж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 12-р зүйлийн 4-т “Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг нь Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл мөн” гэж заасан бөгөөд Үндэсний их баяр наадмын нээлтээр Төрийн тугийг улсын баяр наадмын талбайд хүндэтгэн залж баяр наадмыг эхлүүлдэг. Тиймээс наадам бол Монгол Улсын төрийн хүндэтгэлийн ёслол юм.
Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 1-т "Монгол Улсын Ерөнхийлөгч нь төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн" гэж заасанчлан Үндэсний их баяр наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгч нээж үг хэлдэг. Баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааг Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу зохицуулж, Монголын ард түмний төрт ёс, түүхэн уламжлалыг хадгалж ирсэн. Ийнхүү Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх, соёл, өв уламжлал, зан заншлыг бэлгэдсэн үндэсний уламжлалт үндэсний их баяр наадмын нэг хэсэг нь үндэсний үнэт зүйл, уламжлалт өв соёл бүхий хурдан морины уралдаан байдаг.
Монгол Улсад ирж буй жуулчдын дийлэнх нь манай соёлын өв болох монгол наадам (үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур харваа) үзэхээр Монгол Улсыг зорин ирдэг учир Үндэсний их баяр наадам бол монгол түмний үндэсний ижилсэл-ондоошлын ухамсарт гүн нөлөөтэй чухал үнэт зүйл, арга хэмжээ болохыг дэлхий нийтэд таниулах чухал арга хэмжээ юм. Иймээс үндэсний морины уралдаан маань жуулчдыг татах нэг хөшүүрэг мөн тул аялал жуучлалын бодлоготой нягт уялдаатай байдаг.Олон улсын аялал жуучлалыг хөгжүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд ач холбогдол бүхий нэг чухал арга хэмжээ нь үндэсний өв соёл болох хурдан морины уралдаан гэж үзэж, уг хуулийн төслийг боловсруулав. Манай орны эрс тэс цаг агаарын байдал болон өвлийн аялал жуулчлал хөгжөөгүй зэрэг нь өвлийн улиралд ирэх жуулчдын тоог бага байхад нөлөөлдөг учир өвлийн морин уралдаан зохион байгуулах арга хэмжээ нь бага боловч үр дүнгээ өгөх болно гэж найдаж байна гэжээ.
Та Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалтай танилцаж, төсөлд саналаа өгөх бол ЭНД дараарай.







Зочин · 10 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh