“Мобиком” корпорацын удирдлага буруутай эсэх нь одоогоор тогтоогдоогүй, шалгаж байна гэв
14 цагийн өмнө

Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймэр тусгай хамгаалалттай газрын нийт талбайн 79.8 хувийг хамарсан байж болзошгүй байна. Түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтоохоор цагдаагийн байгууллагаас шалгалт хийж байгаа бөгөөд “Мобиком” корпорацын удирдлага буруутай эсэх нь одоогоор тогтоогдоогүй байна.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны мэдээлснээр, энэ сарын 8-нд гарсан түймэр нийт 528,765.5 га талбайг хамарсан бөгөөд үүнээс 468,965.7 га нь Нөмрөгийн дархан цаазат газрын нутаг дэвсгэрт хамаарч байгаа аж. Урьдчилсан тооцоогоор энэ нь тус дархан цаазат газрын нийт талбайн 79.8 хувьтай тэнцэж байна.
Уг түймэр “Мобиком” корпорацын удирдлагууд тус газарт ажиллах үеэр тээврийн хэрэгслээсээ гал алдсаны улмаас гарсан гэх мэдээлэл цацагдсан. Эл талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, "хэргийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт бүртгэн авч, шалгаж байгаа. Мөн гал гарсан шалтгаан, нөхцөлийг мэргэжлийн байгууллагаар тогтоолгох, гэм буруутай этгээдийг тодруулах зэрэг ажиллагаа үргэлжилж байгаа тул хэн нэгнийг буруутай гэж урьдчилан дүгнэх боломжгүй" гэлээ.
Нөмрөгийн дархан цаазат газар нь байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдал, биологийн олон янз байдлыг хамгаалахад чухал ач холбогдолтой нутаг дэвсгэр юм. Ийм хэмжээний түймэр нь зөвхөн ургамлан бүрхэвчийг шатаагаад зогсохгүй хөрс, ус, амьтдын амьдрах орчин, ховор болон нэн ховор ургамлын тархацад урт хугацааны сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй.
Тиймээс түймрийн улмаас учирсан хохирлыг шатсан талбайн хэмжээгээр хязгаарлахгүйгээр экологийн үр дагавар, байгалийн нөхөн сэргэх боломж, эд хөрөнгийн хохирол болон түймэртэй тэмцэхэд гарсан зардлыг цогцоор нь үнэлэх шаардлагатайг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээлжээ.
Үнэлгээний үр дүнд Нөмрөгийн дархан цаазат газрын экосистемийг хамгаалах, байгалийн нөхөн сэргэх явцыг дэмжих, шаардлагатай тохиолдолд нөхөн сэргээлт хийх, цаашид ийм хэмжээний түймэр гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх юм байна.
Одоогоор түймрийн шалтгаан, хариуцлага болон байгаль орчинд учирсан нийт хохирлын хэмжээ эцэслэн тогтоогдоогүй байна.








Зочин · 10 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh