Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ
21 цагийн өмнө

УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханы хамааралтай “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийн 78 хувийн хяналтын хувьцааг эзэмшдэг БНХАУ-ын иргэн, хөрөнгө оруулагч Li Xiaoming 2026 оны дунд үеэс хойш Монголын төр засгийн албан тушаалтнуудад захидал, хүсэлт илгээх байдлаар хандах болсон.
Уг захидал хүсэлтдээ Li Xiaoming “Би Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн БНХАУ-ын иргэн. Монгол Улсад бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулалттай “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийн хяналтын хувьцааг эзэмшдэг. Төмөртэйн төмрийн хүдрийн уурхайн бүтээн байгуулалт, түүний дотор уурхайн барилга байгууламж, олборлолт, баяжуулах, тээвэрлэлт, дэмжих дэд бүтцийг хөгжүүлэхтэй холбогдуулан БНХАУ-ын хөрөнгө оруулагчдын бүлэг ойролцоогоор 1.89 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд хувьцааны 22 хувийг эзэмшдэг Монголын хувьцаа эзэмшигч нь хууль ёсны эрх, ашиг сонирхлыг маань удаа дараа ноцтойгоор зөрчсөн. Хөрөнгө оруулагчид болон холбогдох санхүүгийн байгууллагуудын хөрөнгө оруулалт, санхүүжилттэй холбоотой үндсэн болон хүүгийн үүргийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Хэдийгээр тус компани хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, орлого, ашиг олсоор байгаа ч БНХАУ-ын хөрөнгө оруулагчид болон холбогдох БНХАУ-ын төрийн өмчит санхүүгийн байгууллагуудад төлөх ёстой төлбөрүүд олон жилийн турш хойшлогдож, шийдэгдээгүй гэх мэт хууль эрх зүйн ноцтой зөрчилд хүргэсэн” гэж тодорхой бичжээ. Түүний “Тус компаниас төлбөр авах ёстой БНХАУ-ын төрийн өмчит санхүүгийн байгууллагууд”-ын нэг нь БНХАУ-ын Экспорт-импортын банк /Эксим/ юм. БНХАУ-ын Эксим банк нь “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-иас төлбөр нэхэмжилж 2019 онд Хятадын олон улсын эдийн засаг, худалдааны арбитрын хороо /CIETAC/-нд хандаж, тус Арбитр 2023 онд эцэслэн шийдвэрлэжээ.CIETAC нь өмнөх 2022 онд тус Монгол Улсын “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д холбогдох БНХАУ-ын Хөгжлийн банкны нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэж байсан юм.
Харин 2023 онд шийдвэрлэсэн энэхүү хэрэг нь БНХАУ-ын төрийн өмчит Эксим банк болон Монгол Улсын “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийн хооронд байгуулсан Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ болон Ашиглалтын тусгай зөвшөөрлийн Барьцааны гэрээтэй холбоотой.Энэхүү маргааныг талуудын Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ болон Барьцааны гэрээнд үндэслэн CIETAC-д гаргасан байна.
Хэргийн шалтгааны тухайд: -2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зээлдэгч New Larlegaote болон батлан даагч “Lung Ming” нар Эксим банктай зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр зээлдүүлэгч Эксим банк нийт 200,000,000.00 ам.долларын зээлийг New Larlegaoteд олгохоор тохиролцжээ. Мөн өдөр БНХАУ-ын Эксим банк, “Болдтөмөр Ерөө Гол” ХХК нар Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ болон Барьцааны гэрээнд гарын үсэг зурсан байна. Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу “Болдтөмөр Ерөө Гол” ХХК өөрийн худалдан авсан 12 зүтгүүр, 1800 вагоныг БНХАУ-ын Эксим банкинд барьцаалахаар, Барьцааны гэрээний дагуу “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн MV-008888 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлболон түүнтэй холбоотой эрх, ашиг сонирхлыг БНХАУ-ын Эксим банкинд барьцаалахаар тохиролцсон байна. Тэр дагуу 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Барьцааг Монгол Улсын АМГТГ-ын Кадастрын хэлтэсбүртгэсэн байна. Үүний дагуу 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Зээлийн гэрээ байгуулагдсаны дараа БНХАУ-ын Эксим банк 200,000,000.00 ам.долларын Зээлийг New Larlegaote-д олгосноор 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр New Larlegaote Зээлийн үндсэн төлбөрөөс 750,000.00 ам.долларыг төлжээ. Гэвч түүнээс хойш энэхүү арбитрын ажиллагааны өдрийг хүртэл New Larlegaote Зээлийн гэрээний дагуу Зээлийг бүрэн төлөөгүй байна. Үүний улмаас “Гэрээний дагуух үүргийн зөрчлийн тохиолдол” үүсжээ. Иймээс2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр БНХАУ-ын Эксим банк “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д Үүргийн зөрчлийн тухай мэдэгдэл хүргүүлжээ. Уг мэдэгдэлд “Барьцааны гэрээний дагуу Үүргийн зөрчлийн тухай мэдэгдэл хүргүүлсэн даруйд манай банк Барьцааны зүйлтэй холбоотой бүх эрх, бүрэн эрх, үзэмжээр шийдвэрлэх эрхийг хэрэгжүүлэх эрхтэй болно. Барьцааны зүйлийг захиран зарцуулах явцад манай банктай идэвхтэй хамтран ажиллана уу” гэсэн байна.

БНХАУ-ын Эксим банкны нэхэмжлэлийн шаардлагын тухайд: БНХАУ-ын Эксим банкнаас CIETAC-д 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр гаргасан Арбитрын нэхэмжлэл болон 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Арбитрын шаардлагыг өөрчлөх тухай хүсэлтдээ “Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу Барьцааны зүйл буюу 12 зүтгүүр, 1800 вагоныг бүхэлд нь, эсхүл хувааж, өөрөө, эсхүл харьяалал бүхий эрх бүхий байгууллагаар дамжуулан дуудлага худалдаа, худалдах зэргийг оролцуулан хуулиар олгосон аливаа болон бүх эрхийг хэрэгжүүлэх замаар захиран зарцуулж, түүнээс олсон орлогоор дараах дүнг төлүүлэх”, “199,250,000.00 ам.долларын үндсэн зээл, түүн дээр жилийн 8 хувиар тооцсон 26,354,788.89 ам.долларын хүү”, “Төлөгдөөгүй үндсэн зээл, хүүгийн дүнд хугацаа хэтэрсэн өдрөөс бодит төлбөр хийгдэх өдрийг хүртэл жилийн 12 хувиар тооцсон нэмэгдүүлсэн хүү буюу 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар урьдчилсан байдлаар тооцсоноор 156,237,889.31 ам.доллар”, “Барьцааны гэрээний дагуу БНХАУ-ын Эксим банк нь барьцаалагчийн хувьд MV-008888 дугаартай Ерөө голын Тусгай зөвшөөрөл болон түүнтэй холбоотой эрх, ашиг сонирхлыг дуудлага худалдаа, худалдах зэрэг хуулиар олгосон аливаа болон бүх эрх, ашиг сонирхлыг хэрэгжүүлэх замаар захиран зарцуулж, түүнээс олсон орлогоор БНХАУ-ын Эксим банкны шаардлагад дурдсан New Larlegaote-ийн төлөх ёстой ижил үүргийг төлүүлэх”, “БНХАУ-ын Эксим банкны арбитрын зорилгоор гаргасан өмгөөллийн хөлс, хамгаалалтын арга хэмжээний хураамж, нотариатын гэрчлэлийн хураамж зэргийг “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-иас хариуцах”, “Арбитрын зардлыг “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-иас хариуцах”, “Болдтөмөр Ерөө Гол” ХХКнь бүртгэлийн байгууллагад бичгээр зөвшөөрөл өгсөн захидал гаргах зэргээр, гэхдээ үүгээр хязгаарлагдахгүйгээр, Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуух барьцаалсан эд хөрөнгийн хөдлөх эд хөрөнгийн барьцааны бүртгэлийг хийлгэхэд БНХАУ-ын Эксим банкинд туслалцаа үзүүлэх” гэсэн шаардлагыг гаргасан байна.
CIETAC Арбитрын хуралдаануудыг даргалагч арбитрч Tao Xiuming, арбитрч Xing Keke, Li Hongji нарын бүрэлдэхүүнтэйгээр 2023 оны 10 дугаар сарын 23-нд Бээжин хотноо эцэслэн шийджээ. Энэ хүртэлх хуралдаануудад БНХАУ-ын Эксим банкийг хууль ёсоор хатагтай Hu Xiaolian нь Gao Tang, Gong Yue, Tang Xu, Liu Zhuo, Liu Zhan Beijing An Sheng Law Firm Yan Xiaoyu, Ma Yuan, Yang Ming, Zeng Ruiyun нарын хамт төлөөлж оролцсон. Мөн “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийг хууль ёсоор П.Чулуунхүү нь Yang Yuanqing, Cheng Zien, Lang Wuyu, Hu Xiaofeng, Yu Chenxiao HUA MAO & GUI GU Law Firm нарын хамт төлөөлж оролцсон байна.
Арбитрын хуралдаан 2 үе шаттай явагджээ.
Эхний хуралдааны тухайд: 2020 оны 1-4 дүгээр сард “Болдтөмөр Ерөө Гол” ХХК Хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэл гаргах хугацааг сунгуулах тухай хүсэлт, Итгэмжлэл болон бусад баримт бичгийг, БНХАУ-ын Эксим банк Хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэл гаргах хугацааг сунгуулах тухай хүсэлтэд гаргасан эсэргүүцлийг Арбитрын шүүхэд хүргүүлжээ. Арбитрын бүрэлдэхүүн хуралдааныг 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотод хийхээр шийдвэрлэжээ. Товлосны дагуу хуралдааныг хийсэн. Хуралдаанд “Болдтөмөр Ерөө Гол” ХХК X20191266 дугаартай хэргийн арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргаж, БНХАУ-ын Эксим банк Нэмэлт нотлох баримт болон нэмэлт Итгэмжлэл ирүүлснийг Арбитрын шүүх Талуудад солилцуулжээ. БНХАУ-ын Эксим банк арбитрын шаардлага болон түүнийг үндэслэж буй үйл баримт, үндэслэлээ, “Болдтөмөр Ерөө Гол” ХХК хариу тайлбараа тус тус илэрхийлж, Талууд нотлох баримтын талаар харилцан асуулт тавьж Арбитрын бүрэлдэхүүний асуултад хариулжээ.
Хоёр дахь хуралдааны тухайд: 2020 оны 10-11 дүгээр сард БНХАУ-ын Эксим банк Шаардлагын өөрчлөлтийн тухай тодруулга ба Нэмэлт нотлох баримт болон түүний хавсралт, Нэмэлт нотолгооны агуулга, нотлох баримтынхаа орчуулгыг, X20191266 дугаартай хэрэгт “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн Монгол Улс дахь эд хөрөнгөд түр арга хэмжээ авах тухай Хүсэлтийн захидалболон түүний хавсралтуудыг,2021 оны 9 дүгээр сард “Болдтөмөр Ерөө Гол” ХХК 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлт, Нотлох баримтын жагсаалт болон түүний хавсралтуудыг хүргүүлжээ. Арбитрын бүрэлдэхүүн арбитрын ажиллагааг үргэлжлүүлж, хэргийн хоёр дахь хуралдааныг 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотод хийжээ. БНХАУ-ын Эксим банк 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Арбитрын шаардлагыг өөрчлөх тухай хүсэлт болон Нэмэлт нотлох баримтын II жагсаалт, түүний хавсралтуудыг хүргүүлжээ. Арбитрын шүүх нь Ковид-19-ийн сүүлийн үеийн нөхцөл байдлын улмаас 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хийхээр товлосон хоёр дахь хуралдааныг цуцлах буюу хойшлуулах тухай Талуудад мэдэгджээ. 2022 оны 5-8 дугаар сар хүртэлх хугацаанд “Болдтөмөр Ерөө Гол” ХХК Нотлох баримтын II жагсаалт болон түүний хавсралт, 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Монгол Улсын Эрүүгийн хэргийн шүүхийн тогтоолын талаарх тайлбарыг дараалан хүргүүлсэн байна. 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Арбитрын шүүх “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийн II нотлох баримт болон түүнд хавсаргасан, Монгол Улсын эрүүгийн хэргийн шүүхийн тогтоолын талаар нотлох баримтад өгөх саналаа ирүүлэхийг БНХАУ-ын Эксим банкнаас захидлаар хүсчээ. Мөн уг захидалдаа Арбитрын шүүх 12 зүтгүүр, 1800 вагон зэрэг Барьцааны зүйлийн талаарх холбогдох дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлэхийг хүссэн байна. 2023 оны 2 дугаар сард “Болдтөмөр Ерөө Гол” ХХК2023 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн Нотлох баримтын III жагсаалт болон түүний хавсралтуудыг ирүүлсэн байна. БНХАУ-ын Эксим банк 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн II нотлох баримтад өгсөн санал, Нэмэлт нотлох баримт III, нотлох баримтын эмхэтгэл болон 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн X20191266 дугаартай хэргийн 12 зүтгүүр, 1800 вагоны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлжээ. Арбитрын бүрэлдэхүүн мэдэгдлийг хүлээн авснаас хойш 20 хоногийн дотор БНХАУ-ын Эксим банкны өөрчилсөн шаардлагад бичгээр хариу тайлбар гаргахыг “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-иас хүсчээ. Арбитрын бүрэлдэхүүн хэргийн хоёр дахь хуралдааныг 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотод хийхээр шийдвэрлэжээ. Товлосны дагуу хоёрдугаар хуралдааныг хийсэн байна. Талуудын нэмэлт нотлох баримт, эсхүл нэмэлт тодруулга болон нэмэлт итгэмжлэлийг солилцуулжээ. Хуралдааны үеэр БНХАУ-ын Эксим банк, “Болдтөмөр Ерөө гол” ХХКнар саналаа тус тусад нь илэрхийлж, Арбитрын бүрэлдэхүүний асуултад хариулсан байна.
Хуралдааны дараа Арбитрын бүрэлдэхүүнээс Талуудын тайлбарыг авч, солилцуулжээ. Ингээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бодит шаардлага болон Арбитрын бүрэлдэхүүний хүсэлтээр Арбитрын шүүхийн дарга арбитрын үндсэн шийдвэр гаргах хугацааг 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл сунгажээ.
Хэргийн үйл байдлын тухайд: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК хэргийн үйл баримтын талаар өөрийн тайлбарыг гаргаагүй боловч БНХАУ-ын Эксим банкны дурдсан зарим баримтын талаар маргажээ. 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр CIETAC-ийн хэргийн арбитрын бүрэлдэхүүн 3433 дугаар эцсийн үндсэн шийдвэрийг гаргасан байна. Арбитрын бүрэлдэхүүн “БНХАУ-ын Эксим банк нь Зээлийн гэрээний дагуу New Larlegaote-оос 199,250,000.00 ам.долларын үндсэн зээл, 26,354,788.89 ам.долларын хүү болон 74,568,955.73 ам.долларын нэмэгдүүлсэн хүүг гаргуулах эрхтэй” гэж шийдвэрлэжээ. 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр CIETAC-ийн хэргийн арбитрын бүрэлдэхүүн 2709 дүгээр эцсийн үндсэн шийдвэрийг гаргасан. Түүнд “БНХАУ-ын Эксим банк нь New Larlegaote-оос 225,604,788.89 ам.долларт үндэслэн жилийн 12 хувиар тооцсон нэмэгдүүлсэн хүүг 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс бодит төлбөр хийгдэх өдрийг хүртэл гаргуулах эрхтэй” гэж шийдвэрлэжээ.
Барьцаа болон хөдлөх эд хөрөнгийн барьцаатай холбоотой асуудлуудын хувьд:-Арбитрын бүрэлдэхүүн “Арбитрын ажиллагааны явцад аль ч тал Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, эсхүл Барьцааны гэрээг байгуулсан, хүчин төгөлдөр болсон талаар Арбитрын бүрэлдэхүүнд шууд маргаагүй. Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ болон Барьцааны гэрээнд хоёр Талын холбогдох хууль ёсны төлөөлөгчид хүчин төгөлдөр гарын үсэг зурсан тул эдгээр гэрээ Талуудын хувьд хууль зүйн хувьд заавал биелүүлэх хүчинтэй болсныг баталж байна” гэжээ.
Арбитрын бүрэлдэхүүний дүн шинжилгээний тухайд:-БНХАУ-ын Эксим банкны 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар хөдлөх эд хөрөнгийн барьцааны мэдэгдлийг бүртгэх цахим мэдээллийн сангаас хайлт хийхэд Барьцааны зүйл дээр БНХАУ-ын Эксим банкны, эсхүл бусад гуравдагч этгээдийн барьцааны эрх бүртгэгдээгүй байжээ. Гэсэн хэдий ч БНХАУ-ын Эксим банкны шинжээч нь Хөдлөх эд хөрөнгийн барьцааг хүчин төгөлдөр үүсгэсэн бөгөөд Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуух New Larlegaote болон “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийн үүргийг хангах зорилгоор БНХАУ-ын Эксим банкны ашигт үргэлжилсэн барьцаа болж хүчин төгөлдөр хэвээр байгаа, Хөдлөх эд хөрөнгийн барьцааг бүртгүүлээгүй нь дангаараа зөвхөн гуравдагч этгээд оролцсон эрх хэрэгжүүлэх ажиллагаанд давуу эрхийн хувьд л үр дагавартай гэж дүгнэсэн. Энэ асуудлаар “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-иас эсрэг нотлох баримт Арбитрын бүрэлдэхүүнд ирүүлээгүй тул Арбитрын бүрэлдэхүүн “БНХАУ-ын Эксим банкны шинжээчийн дүгнэлтэд тулгуурлан Хөдлөх эд хөрөнгийн барьцааг Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу хүчин төгөлдөр үүсгэсэнд тооцох нь зүйтэй” гэж дүгнэж байна.
Барьцааг баталгаажуулсан нь болон захиргааны хэргийн шүүхийн ажиллагааны тухайд: -Барьцааны гэрээг 2012 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр АМГТГ-т бүртгэсэн гэдэгт Талууд маргаагүй. БНХАУ-ын Эксим банкны 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар Барьцаа нь “Болдтөмөр Ерөө Гол” ХХК болон New Larlegaoteийн үүргийг хангах зорилгоор БНХАУ-ын Эксим банкны ашигт үргэлжилсэн барьцаа болж хүчин төгөлдөр хэвээр байна. Гэвч энэхүү арбитрын ажиллагааны явцад “Болдтөмөр Ерөө Гол” ХХК нь БНХАУ-ын Хөгжлийн банк болон Эксим банкийг гуравдагч этгээдээр оролцуулан Кадастрын хэлтсийн дарга болон АМГТГ-ын эсрэг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. “Болдтөмөр Ерөө Гол” ХХК нь шүүхэд MV-008888 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг БНХАУ-ын Эксим банк болон Хөгжлийн банкинд барьцаалсан холбогдох бүртгэлийг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан.Арбитрын бүрэлдэхүүн нь БНХАУ-ын Эксим банкны Барьцааг Барьцааны гэрээ болон Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу хүчин төгөлдөр бүртгэж, баталгаажуулсан болохыг баталж байна. Үүнээс үзэхэд БНХАУ-ын Эксим банк нь Ерөө голын Тусгай зөвшөөрлийн барьцаалагчийн хувьд уг тусгай зөвшөөрөл дээр барьцааны эрх эзэмшиж байсан.
Захиргааны хэргийн шүүхэд “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийн хийсэн үйлдлийн тухайд:-Анхан шатны шүүх “Болдтөмөр Ерөө Гол” ХХК болон “Infinity Space” ХХК-ийн талд шийдвэрлэж, Барьцааг бүртгэсэн шийдвэрийг бүртгэлээс хасах буюу хүчингүй болгохыг даалгасан боловч БНХАУ-ынХөгжлийн банк болон Эксим банкны давж заалдах гомдлоор Монгол Улсын Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн өөрчилж, Барьцааны бүртгэлийг хүчингүй болгохыг АМГТГ-т даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасныг Арбитрын бүрэлдэхүүн тэмдэглэж байна. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн дараа “Болдтөмөр Ерөө Гол” ХХК Монгол Улсын Дээд шүүхэд гомдол гаргах оролдлого нь 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгчдийн хуралдааны үр дүнд мөн хүлээн авагдаагүйгээр Монгол Улсын захиргааны хэргийн шүүхүүдээр Барьцааны бүртгэлийг хүчингүй болгуулах гэсэн оролдлогодоо амжилт олоогүй гэж Арбитрын бүрэлдэхүүн дүгнэж байна.
Эрүүгийн хэргийн шүүхийн тогтоолын тухайд: -“Болдтөмөр Ерөө Гол” ХХК нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гаргасан 2022/ШЦТ/542 дугаар шийтгэх тогтоолын хуулбарыг ирүүлж, тайлбарлахдаа “Уг тогтоолд Эрүүгийн хэргийн шүүх Барьцааны гэрээ болон Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг залилангийн замаар байгуулсан болохыг тогтоосон. Үүний үр дүнд шүүх Барьцааны гэрээ, Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ болон БНХАУ-ын Эксим банкийг Тусгай зөвшөөрлийн барьцаалагчаар бүртгэсэн 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 57 дугаар шийдвэрийг хүчин төгөлдөр бус болгосон” гэжээ.БНХАУ-ын Эксим банк нь “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийн дээрх тайлбарыг эсэргүүцэж “Нэгдүгээрт, “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийн ирүүлсэн тогтоолыг хуулийн дагуу нотариатаар гэрчлүүлээгүй тул жинхэнэ болон хууль ёсны эсэх нь эргэлзээтэй. Хоёрдугаарт, БНХАУ, Монгол Улсын хооронд эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлэх тухай хоёр талын гэрээ байхгүй тул уг тогтоолыг арбитрт хүлээн зөвшөөрөх боломжгүй. Гуравдугаарт, эрүүгийн хэргийн мөрдөн шалгах болон шүүх хуралдааны аль алинд хууль тогтоомж зөрчсөн олон зөрчил гарсан бөгөөд БНХАУ-ын Эксим банк хэргийн чухал гуравдагч этгээд байсан хэдий ч түүнд мэдэгдээгүй, хэрэгт оролцохыг урьж байгаагүй.
Үүний үр дүнд БНХАУ-ын Эксим банкны хууль ёсны эрх, ашиг сонирхол ноцтой зөрчигдсөн” гэжээ. Мөн Арбитрын бүрэлдэхүүн нь “Эрүүгийн хэргийн шүүх Барьцааны гэрээ, Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болгож, Барьцааны бүртгэлийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн боловч Г.Оюунсүрэнгийн үйлдсэн залилангийн үндэслэлээр шийдвэрлэснээ тодорхой илэрхийлсэн.Дээрх дүгнэлтээс бусдаар холбогдох Гэрээнүүдийг байгуулах, гүйцэтгэхэд БНХАУ-ын Эксим банкны гүйцэтгэсэн үүрэг, оролцооны талаар шүүх ямар нэгэн хууль бус зүйл тогтоогоогүй. Энэхүү хэрэгт байгаа нотлох баримтаас үзэхэд БНХАУ-ын Эксим банк нь Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээг шударга санаагаар байгуулаад зогсохгүй, Зээлийг New Larlegaote-д шаардлагын дагуу бүтэн дүнгээр олгосноор Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн болохыг л Арбитрын бүрэлдэхүүнд харуулж байна. Түүнчлэн Арбитрын бүрэлдэхүүний ойлгож байгаагаар Зээлийн гэрээний дагуу Зээлийг “Болдтөмөр Ерөө Гол” ХХК хүлээн авах ёстой гэсэн санаа зорилго New Larlegaote болон БНХАУ-ын Эксим банкны аль алинд нь хэзээ ч байгаагүй. Харин Зээлийг Зээлийн гэрээний зорилгоор зээлдэгч New Larlegaote-ийн нээж, хөтөлж байсан төлбөр тооцооны дансанд олгох ёстой байсан. Үүнээс гадна Баянголын төмрийн хүдрийн уурхайн төсөл нь Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн гэж үзэх ямар ч үйл баримт Арбитрын бүрэлдэхүүнд харагдахгүй байна. Мөн Зээлийг Монгол Улс дахь Баянголын төмрийн хүдрийн уурхайн төсөлд зохих ёсоор ашигласан тул Зээлийг Монгол Улс дахь талуудад биет байдлаар шилжүүлсэн, эсхүл зарцуулсан эсэх нь гэрээний болон практикийн аль ч талаас хамааралгүй юм. Эрүүгийн хэргийн шүүх шийдвэрээ гаргахдаа үндэслэсэн хууль зүйн үндэс, үндэслэлийг Арбитрын бүрэлдэхүүн огтхон ч үнэмшилтэй гэж үзэхгүй байна. Дээрх байдлаар санал нийлэхгүй байгаа хэдий ч Эрүүгийн хэргийн шүүх эцэст нь Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болгож, Барьцаа болох MV-008888 дугаартай Ашиглалтын тусгай зөвшөөрлийн барьцааны бүртгэлийг бүртгэлээс хасахаар шийдвэрлэсэн гэдгийг Арбитрын бүрэлдэхүүн ухамсарлаж байна.Барьцааг Кадастрын хэлтэс бүртгэлээс хассан баримтыг өөрчлөх ямар ч бүрэн эрхгүй тул БНХАУ-ын Эксим банкны энэхүү арбитрын хэрэгт эрхээ хэрэгжүүлэхийг хүсэж буй Барьцаа одоо оршин байхаа больсон гэдгийг Арбитрын бүрэлдэхүүн хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. БНХАУ-ын Эксим банкны Барьцаанд холбогдох барьцаалагчийн эрхийг хэрэгжүүлэх боломжгүй болсон. Барьцааны зүйлд холбогдох БНХАУ-ын Эксим банкны барьцаалагчийн эрх нь Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийн үр дүнд хэрэгжүүлэх боломжгүй болсон. Эцсийн дүндээ одоогийн нөхцөл байдалд хүчин төгөлдөр Хөдлөх эд хөрөнгийн барьцаа байхгүй гэсэн шийдвэрт Арбитрын бүрэлдэхүүнийг хүргэсэн. Арбитрын бүрэлдэхүүн энэхүү дүгнэлтийг ихэд харамсаж гаргаж байгааг дахин тэмдэглэх нь зүйтэй. Гэсэн хэдий ч ирээдүйд аливаа ажиллагааны үр дүнд Барьцаа, эсхүл Хөдлөх эд хөрөнгийн барьцааг сэргээсэн тохиолдолд БНХАУ-ын Эксим банк нь холбогдох аливаа эрх хэрэгжүүлэх ажиллагааг эхлүүлэх эрхтэй болно.
БНХАУ-ын Эксим банкны шаардлага болон арбитрын бүрэлдэхүүний шийдвэрийн тухайд: -БНХАУ-ын Эксим банк нь Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуух хөдлөх эд хөрөнгийн барьцаалагчийн хувьд Барьцааны зүйл буюу 12 зүтгүүр, 1800 вагоныг бүхэлд нь, эсхүл хувааж, өөрөө, эсхүл харьяалал бүхий эрх бүхий байгууллагаар дамжуулан дуудлага худалдаа, худалдах зэргийг оролцуулан хуулиар олгосон аливаа болон бүх эрхийг хэрэгжүүлэх замаар захиран зарцуулж, түүнээс олсон орлогоор 199,250,000 ам.долларын үндсэн зээл, түүн дээр жилийн 8 хувиар тооцсон 26,354,788.89 ам.долларын хүү болон төлөгдөөгүй үндсэн зээл, хүүгийн дүнд хугацаа хэтэрсэн өдрөөс бодит төлбөр хийгдэх өдрийг хүртэл жилийн 12 хувиар тооцсон нэмэгдүүлсэн хүү болох 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар урьдчилсан байдлаар тооцсоноор 156,237,889.31 ам.доллараар дүнг төлүүлэх эрхтэй” гэжээ.
Арбитрын бүрэлдэхүүний шийдвэрийн тухайд: -Зээл олгосон болон New Larlegaote үүргээ зөрчсөн нөхцөл байдлыг CIETAC-ийн 3433 болон 2709 дүгээр арбитрын шийдвэрүүдээр арбитрын бүрэлдэхүүн үр дүнтэй хянаж, шийдвэрлэсэн болохыг Арбитрын бүрэлдэхүүн тэмдэглэж байна. New Larlegaote Зээлийг эргүүлэн төлөх үүргээ зөрчсөн. Энэ нь Зээлийн гэрээ болон Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуух үүргийн зөрчлийн тохиолдол болно. Гэсэн хэдий ч Эрүүгийн хэргийн шүүхийн тогтоолын дагуу Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болгосон, мөн энэхүү хэрэгт Хөдлөх эд хөрөнгийн барьцааг бүртгүүлсэн талаарх нотлох баримт байхгүй тул Барьцааны зүйлээс “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-иар үүргийн зөрчлийн аливаа дүнг шаардах БНХАУ-ын Эксим банкны шаардлагыг Арбитрын бүрэлдэхүүн дэмжих боломжгүй. Иймд БНХАУ-ын Эксим банкны дээрх бүх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
Уг шийдвэрийг 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотноо гаргаж арбитрч Xing Keke Ноён Li Hongji болон даргалагч арбитрч Tao Xiuming нар гарын үсгээ зуржээ.
Х.ГАНЖУУР
ӨДРИЙН СОНИН







Зочин · 20 цагийн өмнө
Одоо параламентийн засаглалтай болоод улс хөгжсөнгүй Монгол улсын онцлог ёрөнхийлөгчийн засаглалтай болох үед улс хөгжинө