Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалалгүй үйлчилнэ
54 минутын өмнө

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад удаан хугацаагаар дараалалд зогсох, хүндрэл чирэгдэл учрахаас сэргийлэх зорилгоор дараалал харгалзахгүй үйлчлэх шийдвэр гаргалаа.
Энэхүү шийдвэрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 41.1.3 дахь заалтад үндэслэн гаргасан бөгөөд шатахуун импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн шатахуун түгээх станцууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүлэх юм.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд дараалал харгалзахгүй шатахуун авахдаа тээврийн хэрэгслийн тусгай таних тэмдэг болон хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэхээ хамтад нь үзүүлэх шаардлагатай. Ингэснээр холбогдох шаардлагыг хангасан иргэд шатахуун түгээх станцад бусад тээврийн хэрэгслийн дараалалд удаан хугацаагаар хүлээлгүйгээр шатахуун авах боломжтой болно.
Иймд шатахуун түгээх станцуудын эрхлэгч, түгээгч ажилтнууд энэхүү шийдвэрийг хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүндрэл чирэгдэлгүй, шуурхай үйлчлэхийг Шатахууны шуурхай штабаас чиглэл болголоо.






