Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы аравдугаар сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолыг баталлаа.

Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг нарын 76 гишүүний 2025 оны есдүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд тамхин бүтээгдэхүүний төрөл, нэр томьёоны тодорхойлолтыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Тамхины хяналтын суурь конвенц болон олон улсын жишигт нийцүүлэх, онцгой албан татварыг үе шаттай нэмэгдүүлэх, гаалийн албан татвар тогтоох, тамхи болон тамхин бүтээгдэхүүнд үнэр, амт оруулагч бодис, бэлдмэл нэмэхийг хориглох зэрэг зохицуулалтыг тусгажээ.

Тамхин бүтээгдэхүүний тодорхойлолт, хяналтыг өргөжүүлэв

Хуульд тамхин бүтээгдэхүүний тодорхойлолтыг шинэчлэн, хамрах хүрээг нь өргөжүүлсэн байна. Тодруулбал, тамхины навч, ургамлыг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн түүхий эд болгон үйлдвэрлэсэн, никотин, бохь болон химийн бусад бодис агуулсан, татах төхөөрөмж ашиглаж, эсхүл ашиглахгүйгээр хэрэглэх зориулалттай бүтээгдэхүүнийг хамруулахаар зохицуулжээ. Харин эмийн бүртгэлд бүртгэгдсэн, тамхинаас гаргах зориулалттай эмийг энэ тодорхойлолтоос хассан байна.

Ингэснээр тамхины түүхий эд, задгай тамхи, навчин болон янжуур тамхи, сигар, дүнсэн тамхи, халаадаг тамхи, электрон тамхи, усан хоолойгоор татах тамхи, мөн үнэрлэх, сорох, зажлах, аманд уусгах, биед наах зэрэг татахаас бусад аргаар хэрэглэх зориулалттай никотин агуулсан болон агуулаагүй бүтээгдэхүүнийг тамхин бүтээгдэхүүнд хамруулахаар боллоо.

Түүнчлэн тамхи татах зөвшөөрөгдсөн цэгт тавигдах шаардлагад дам тамхидалт үүсгэхгүй байх шаардлагыг нэмж хуульчлан, хяналт хэрэгжүүлэх төрийн байгууллагуудын нийтлэг үүргийг тодорхой болгосон байна. Тухайлбал, нийгмийн эрүүл мэндийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, олон нийтийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр тамхи үйлдвэрлэгч болон тэдний ашиг сонирхлыг төлөөлж буй этгээдтэй хамтран ажиллахгүй байх, энэ чиглэлд ажиллаж буй төрийн албан хаагч, бусад ажилтны ашиг сонирхлын зөрчлийг шийдвэрлэх зохицуулалтууд тусгагджээ.

Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тамхины хэрэглээ, түүнээс шалтгаалах өвчлөл, нас баралтыг бууруулах үндэсний бодлого, стратеги, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, холбогдох байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах, статистик мэдээлэл цуглуулах, сан бүрдүүлэх, дүн шинжилгээ хийх, тайлагнах үүрэг хүлээнэ. Мөн тамхины хамаарлаас гарах сэтгэлзүйн зөвлөгөө, эмчилгээ болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний стандартыг баталж, хэрэгжилт, чанар, хүртээмж, үр нөлөөнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхээр заажээ.

Боловсролын салбарын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий этгээд бүх шатны боловсролын байгууллагыг тамхи үйлдвэрлэгч, импортлогч, худалдаа эрхлэгчээс хандив, дэмжлэг авахгүй байх талаар мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана. Харин хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зөрчилд оногдуулсан шийтгэлийн үр нөлөөнд дүн шинжилгээ хийх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчил мэдээлэх тогтолцоо бүрдүүлэхэд цагдаагийн байгууллагад дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй байна.

Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тамхины татварын хэрэгжилтэд хяналт тавьж, татварын орлогыг хүн амын эрүүл мэндийг дэмжихэд зориулах бол хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тамхи үйлдвэрлэх, тариалах үйл ажиллагааг хэрэглээг бууруулах бодлоготой уялдуулах, тусгай болон энгийн зөвшөөрөл эзэмшигчдийн бүртгэл, мэдээллийн цахим сан бүрдүүлэх, тэдэнд урамшуулал, татварын хөнгөлөлт болон бусад давуу тал олгохгүй байхад хяналт тавина.

Орон нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ тамхины хяналтыг зохион байгуулах, сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулах, тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийн байршлыг тогтоож, хяналт тавих үүрэгтэй. Иргэн, хуулийн этгээд насанд хүрээгүй хүнд тамхи татах, олж авахад нь дэмжлэг үзүүлэхгүй байх, тамхи үйлдвэрлэгч, импортлогчоос хандив, тусламж, тэтгэлэг авахгүй байх, дам тамхидалтаас сэргийлэх үүрэг хүлээнэ. Тамхи үйлдвэрлэгч, импортлогч хуулийн этгээд хувьцаа эзэмшигч болон үйл ажиллагаатай холбоотой мэдээллээ ил тод зарлаж, эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, шаардлагыг мөрдөх юм.

Тамхи импортлох, худалдах, хэрэглэхэд тавих шаардлагыг шинэчлэв

Хуульд Монгол Улсын нутаг дэвсгэрт тамхи импортлох, экспортлох, үйлдвэрлэх, худалдах, хэрэглэхэд тавих шаардлагыг зохицуулсан 6 дугаар зүйлийг нэмжээ. Үүгээр тамхи, татах төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, эд ангид үнэр, амт оруулагч бодис, бэлдмэл нэмэхийг хориглож, сав баглаа боодлын өнгө, дүрслэл, хэлбэр, хийц, материал болон бусад гадаад шинж чанар нь өөр төрлийн эд зүйлтэй андуурагдахаар байхыг хориглосон байна.

Тамхины худалдаа эрхлэгчид бүтээгдэхүүнийг биетээр дэлгэн байрлуулахгүй, зөвхөн нэр, үнийн мэдээлэл бүхий жагсаалт байрлуулах шаардлага тавьжээ. Түүнчлэн худалдаа эрхлэх зөвшөөрлийн тэмдгийг ил байрлуулах бөгөөд уг тэмдэг нь тухайн цэгийг онцгойлон сурталчлах, тамхины хэрэглээг өдөөх маркетингийн хэрэгсэл болохуйц гэрэлтүүлэг, дуу, хөдөлгөөнт элемент, брэндийн дүрслэл, уриа үг агуулаагүй байна. Зөвшөөрлийн тэмдгийн загварыг өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр стандартчиллын төв байгууллага батлахаар зохицуулжээ

Тамхины хамаарлаас гарах тусламж, үйлчилгээг хуульчиллаа

Тамхины хамаарлаас гарах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг зохицуулсан 9¹ дүгээр зүйлийг нэмж оруулсан байна. Уг тусламж, үйлчилгээ нь сэтгэлзүйн дэмжлэг, никотин орлуулах эмчилгээ, эмийн эмчилгээ, зөвлөгөө, мэдээлэл гэсэн төрөлтэй байх бөгөөд шинжлэх ухааны үндэслэлтэй, үр нөлөөтэй, холбогдох стандартын шаардлага хангасан байна.

Эдгээр тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн тухай хуульд нийцүүлэн үзүүлж, төрөөс дэмжин хөгжүүлэх, Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр тусгажээ. Эрүүл мэндийн яам тусламж, үйлчилгээний үр нөлөө, чанар, хүртээмжийг тогтмол судалж, үнэлгээ хийх үүрэг хүлээнэ.

Мөн тамхин бүтээгдэхүүний эргэлтэд хяналт тавих тухай 11¹ дүгээр зүйлийг нэмж, тусгай болон энгийн зөвшөөрөл эзэмшигчид, бүтээгдэхүүний мэдээллийн цахим санг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан ажиллуулахаар заажээ. Тус санг татвар, гаалийн мэдээллийн сантай холбож, тамхины үйлдвэрлэл, импорт, борлуулалтын үе шат бүрд эцсийн хэрэглэгч хүртэлх хөдөлгөөнийг дахин давтагдашгүй цахим өгөгдөл бүхий кодоор бүртгэн хянах юм.

Онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуультай хамт баталсан Онцгой албан татварын тухай хуульд электрон тамхины шингэн болон аманд уусгах, зажлах зориулалттай тамхинд татвар ногдуулах биет нэгжийг миллилитр, граммаар тооцохоор тогтоожээ. Харин навчин, сигар, янжуур болон тэдгээртэй адилтгах бусад тамхи, халаадаг тамхины биет нэгжийг 100 ширхэгээс 20 ширхэг болгон, дүнсэн болон бусад задгай тамхиныхыг нэг килограммаас 200 грамм болгон өөрчилсөн байна.

Тамхин бүтээгдэхүүнд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл дараах байдлаар үе шаттай нэмэгдүүлнэ.

Д/д

Онцгой албан татвар ногдуулах барааны төрөл

Биет нэгж

Ногдуулах онцгой албан татварын хэмжээ (төгрөгөөр)

2026 он

2027 он

2028 он

2029 он

2030 он

2031 он

1.

Навчин, сигар, янжуур болон тэдгээртэй адилтгах бусад тамхи

20 ширхэг

836

2,000

3,500

5,000

6,000

8,000

2.

Халаадаг тамхи

20 ширхэг

836

1,500

2,625

3,750

4,875

6,000

3.

Дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхи, усан хоолойгоор татах тамхи

200 грамм

626

1,500

2,625

3,750

4,875

6,000

4.

Электрон тамхины шингэн

1 миллилитр

0

750

1,312.5

1,875

2,437.5

3,000

5.

Аманд уусгах, зажлах зориулалттай тамхи

1 грамм

0

125

220

315

410

500

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд мөн өөрчлөлт оруулжээ. Тамхи импортлох тусгай зөвшөөрөл олгох, сунгахад хураах төлбөрийг 14 сая төгрөгөөс 50 сая төгрөг, тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгох төлбөрийг 7.5 саяас 25 сая төгрөг, хугацаа сунгах төлбөрийг 4.5 саяас 15 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн байна. Харин тамхи худалдах зөвшөөрлийн хураамжийг 100–500 мянган төгрөгөөс 500 мянга–1.0 сая төгрөг болгон өөрчилжээ.

Түүнчлэн Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд холбогдох өөрчлөлт оруулж, “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны зургадугаар сарын 3-ны өдрийн 27 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт оруулсан байна. Үүгээр электрон тамхи болон түүнтэй төстэй цахилгаанаар ажилладаг ууршуулж татах төхөөрөмж, тамхины гаанс, гаансны толгой, сигар, янжуур тамхины соруул, тэдгээрийн эд ангид 20 хувийн гаалийн албан татвар ногдуулахаар тусгажээ.

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр болно.