Зам ашиглалтын татвар бүрэн байна уу, Үүл дарга аа
2013/04/30
Машинтай иргэн бүр хотоос гарч, орохдоо төлдөг 500 төгрөгийн тасалбарын мөнгийг улс бүрэн бүтнээр нь хүлээж авдаг эсэхийг хяная. Үүл дарга аа.
Учир нь хотын захуудад байрладаг эдгээр постуудын мөнгө хураагчдад итгэхгүй байна. Яагаад гэж үү, нэг нь тасалбар тасалж нөгөө нь мөнгөө төлж байгаагаа зарим үед умартаад байгаа үйлдэл хэд хэдэн удаа давтагдлаа. Энэ бол зүгээр л иргэн хүний нүдээр хийсэн ажиглалт. Энэ онцгой хэсгүүдэд мэргэжлийн хэмжээнд камержуулаад хяналт тавьбал энэ мэт дутагдал нэг биш удаа гарах болов уу.
Үүл дарга аа, таны суудаг өндөр хар байшингийн бэлд машинтайгаа нэвтрэхийн тулд цаг, нараа хэмжүүлж үнэлүүлдэг, жолооч өөрөө өөртөө үйлчилдэг постыг хотын захын орох, гарах хэсгүүд рүү нүүлгэе. Хангарьд ордны хаалга үүдийг хянасан ийм пост өнөөх илүү үзэгдээд байгаа мөнгө хураагчтай хэсэгт байрлачихвал иргэн би хот руу орж гарахдаа төлж байгаа 500 төгрөгөө сэтгэл амар хураалгамаар байх юм.
Ийм болчихвол хэн мөнгөө дутуу өгч эсвэл тасалбараа авахгүй явж байна вэ гэдгийг хянана. Ийм болчихвол нэг өдөрт үгүй ээ бүр цаашлавал сард хэр хэмжээний орлого улсад орж тэр хэмжээний мөнгөөр аль хэсгийн замыг бүрэн засварлах боломжтойг хянаж болно.
Өнөөдрийнх шиг тасалбар түгээгчээ таньдаг болчихсон, өнөөх нь дуулгавартай нь аргагүй танил талаа тасалбаргүй нэвтрүүлчихдэг байх юм бол замынхаа татварыг өгч байгаа хэсэгт хохиролтой байна. Тиймээс жолооч нараас хурааж байгаа тэр мөнгийг хувь хүн ашиглах боломжгүй болгооч ээ. Улсын мөнгийг улсад нь бүрэн өгмөөр байна. Бүрэн бүтэн авсан мөнгөөрөө сайхан зам тавиад өгөөч.
Өдөрт нийслэлд хэчнээн машин орж ирж, хэд нь гадагшаа гарч байгааг ийм байдлаар хянамаар байна.
Машинаар яваагүй 48 өдрийнхөө татварыг хэнээс авах вэ
Үүл дарга аа, жолооч нар эрхээ хумиулснаас хойш нэлээд хугацаа өнгөрлөө. Гэтэл нэг асуултыг асуумаар болоод ам “загатнаад" болдоггүй ээ.
Учир нь жилдээ бид машинаар зугаалсныхаа төлөө татвар төлдөг. Тэгвэл таны шийдвэрийн дагуу бид долоо хоногт нэг өдөр, сард 4, жилд 48 хоногийг төмөр хүлэггүй өнгөрүүлж байна. Тэгвэл авах болохоор торгож шийтгэж байгаад ч хамаагүй авчихдаг хэрнээ ингэж иргэдийг хохироож түүнээ мэдээгүй юм шиг чив чимээгүй сууж болмооргүй санагдана.
Учир нь 365 хоног машин барина гэж бодож төлсөн татварын мөнгөнөөсөө тэгвэл 48 хоногийнхоо сул зогсолтыг тооцож хасуулмаар байна. Дарга, даамал нь хууль тогтоол, захирамж шийдвэр гаргаж байгаад авч болдог бол иргэд ч мөн эрхээ эдэлж үүргээ биелүүлэх учиртай. Энэ мэт татвараа бүрэн авчихаад олон зуун жолоочоо хохироох бодлогыг үйлдчихжээ. Одоо тэгвэл яах вэ. Жилийн турш 48 хоног машинаа хөдөлгөхгүй байгаагийнхаа төлбөрийг авъя. 365 хоног машинтайгаа явна гэж төлсөн шүү дээ, Э.Бат-Үүл дарга аа.
М.Мөнхтунгалаг
Зочин · 2013/05/03
зөв шүү батүүл гуай үүнд хариу өгөх цаг болсон шүү