С.Баярцогтын орыг залгагч
2013/04/30
Энэ хүн бол УИХ-ын гишүүн Р.Гончигдорж. Тэрбээр ардчилсан парламентын эхлэлийг тавьж, ардчиллын төлөө тууштай тэмцсэн нэгэн. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш буюу Ардчилсан нам түүхэндээ хоёр дахь ялалтаа авсан энэ үед Р.Гончигдорж албан тушаалгүй хоцорсон.
Гэхдээ тэр зарим хүн шиг албан тушаал аваагүйдээ гоморхож, уурласангүй. Харин чимээгүй суусан юм. Түүнийг ийн чимээ-гүй суусны дүнд намынхан нь УИХ-ын дэд даргад тохирох хүн хэмээн үзэв. Түүнд энэ албан тушаал жижигдэнэ үү гэхээс томдохгүй. Монгол Улсын дэд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга гээд томоохон албан тушаалыг хашиж байсан хүн учраас тэр юм. Ийнхүү намынхан нь ёс зүйн хариуцлага алдсан С.Баярцогтынхоо оронд Р.Гончигдоржийг энэ албанд тохирох хамгийн боломжтой хүнээр тодрууллаа. Түүнтэй хамт Ардчилсан намын олон гишүүн дэд даргын суудалд яригдаж байсан юм. Ардчилсан намын тулхтай түшээдийн нэг түүний үгийг анхааралтай сонсох гишүүн бий болов уу. Нэг үгээр хэлбэл на-мынхаа ахмад гишүүний хувьд залуучууддаа үлгэр дуурайл болох ёстой. Энэ үүргээ ч биелүүлж яваа гэхэд онох байх. Цагтаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж явсан Р.Гончигдорж парламентын жаргал, зовлонг гарын 10 хуруу шигээ мэднэ. Түүнийг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс дэмжсэн ч Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх учиртай.
Ц.Энхцэцэг