“Масс” продакшний бүтээл “Дурлалын магистр” киноны зохиолч, зургийн дарга Т.Эрдэнэсүхтэй ярилцлаа.

- Танд энэ өдрийн мэнд хүргэе. "Дурлалын Магистр" киног бүтээх болсноор ярилцлагаа эхлүүлье?

- “Дурлалын магистр” бүрэн хэмжээний инээдмийн киног хийх санааг энэ оны эхээр анх найруулагч, уран бүтээлчидтэйгээ ярилцаж эхэлсэн. 2012 оны 3 сарын сүүлээр зохиол маань бэлэн болж 2 сар орчим “Их засаг” сургууль болон бусад газруудад зураг авалт хийж 6-р сарын 30-нд Тэнгис кино театерт нээлтээ хийсэн байгаа.

- Кинонд хамтарч ажилласан баг хамт олны талаар?

- "Дурлалын Магистр" кинонд маань олон хүн хүч хөдөлмөр, ур чадвараа гарган нэг баг, хамт болон ажилласан байгаа. Кинонд маань ерөнхий продюсерээр  Д.Сангибат,  найруулагчаар Б.Батзориг, зохиолч, зургийн даргаар миний бие, зураглаачаар  Н.Баттуяа,  дууны найруулагчаар Б.Өлзий-Орших нар ажилласан. Гол дүрд  Н.Баярсайхан, С.Батзориг, Б.Хишигбаяр, СТА  Ж.Мөнхсайхан,  СТА Р.Алтансүх, СТА  Б.Даваажав,  СТА Т.Мөнгөнчимэг нар тоглосон байгаа. Үнэхээр сайхан баг бүрдэж ажилласан.

- Дүрийн сонголтын хувьд?

- Гол дүрийн хоёр залууд студийн зүгээс санал тавьсан. Учир нь зохиолын дүртэй маш сайн таарч байсан. Сүүлийн үед гарч ирж байгаа чадварлаг залуус юм. Харин эмэгтэй гол дүрийн жүжигчний хувьд шалгаруулалтанд орсон маш олон охидоос сонгогдож анхны удаа бүрэн хэмжээний уран сайхны киноны гол дүрээ бүтээсэн байгаа.  Анхны уран бүтээл гэхэд  үзэгчдэд маш их таалагдаж байгаад студийн маань уран бүтээлчид маань ч сэтгэл хангалуун байгаа. Мөн олон сайхан уран бүтээлчид киног маань амьдруулсан. Энэ дашрамд хамтарч ажилласан бүх уран бүтээлчид байгууллагууддаа талархаснаа илэрхийлэе.

- Удахгүй хөдөө орон нутагт гарна гэсэн. Энэ талаар?

- “Дурлалын магистр” кино маань Улаанбаатар хотод 5 дахь долоо хоногтоо дэлгэцэнд гарч байн. Энэ 7 хоногийн сүүлээр хөдөө орон нутгийн үзэгчдэд хүргэхээр бэлтгэл ажилаа дуусаад байна. Тэгэхээр бид аль болох бүх аймаг суманд хүрч гаргахыг хичээнэ. Удахгуй гарах аймаг сумийн төлөвлөгөө хэвлэл мэдээллийн хэргэслээр хүрэх болноо.

- Уран бүтээл бүр өөрийн гэсэн онцлог давуу тал, нийгэмд өгөх мессежийг агуулдаг. Энэ бүтээлийн хувьд?

- “Дурлалын магистр” киноноос бид бүхэн хүний амьдралд тохиодог хамгийн сайхан цаг хугацаа буюу оюутан насны тухай тэр дундаа үерхэл нөхөрлөл, хайр дурлал, алдаж болохгүй цаг хугацааны талаар үзүүлэхийг зорьсон. Үүндээ ч хүрч чадсандаа баяртай байгаа. Харин одоо бичигдэж байгаа кино маань өөр сэдэвтэй хийгдэж байгаа цаг нь болохоор задланаа одоо арай эрт байна /инээв/

- Уран бүтээлч хүн нэг киногоо нээчихээд шууд л дараагийн уран бүтээлээ боддог шүү дээ. Таны хувьд дараагийн уран бүтээлийн санаа тархинд хэдийнээ боловсорч эхэлсэн байна.  Энэ талаар тодруулбал?

- “Дурлалын магистр” киноноос маш их урам авсан кино маань одоо ч гэсэн “Тэнгис”, “Соёмбо” кино театруудад гарч байна. Үзэгчид үнэхээр ам сайтай байгаа. Тийм болохоор дараагийн бүтээлээ хийхээр бэлтгэж зохиолоо бичиж эхлээд байгаа чадвал энэ оны сүүлээр үзэгчдийн хүртээл болгохыг зорьж байна.

- Одоо бичигдэж байгаа киноог өөрөө найруулах уу?

- Би урьд нь нэвтрүүлэг, баримтат кино, реклам, клип найруулж хийж байсан бүрэн хэмжээний кино бол хараахан үзээгүй, гэхдээ үзээд алдана гэж бодож байгаа.

Цаг гарган ярилцлаг өгсөн таньд баярлалаа.

 

С.Цэлмэг