“Хурд” группийн барилга дээр дахин хүний амь эрсдлээ. Өнгөрсөн даваа гарагт Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутаг Нарны гүүр, Энхтайвны гүүрний хооронд байрлах “Хурд” компанийн “Нарны хороолол” орон сууцны барилга дээр осол гарч 40 орчим настай эрэгтэй амиа алдсан.

Тус компанийн ажилчид ослын талаарх мэдээллийг нууцалж байгаа. Түүнчлэн ослын талаар сурвалжлахаар очсон сэт­гүүлчдийг барилгын хашаанд оруулаагүйгээр барахгүй элдвээр доромжилж хөөж туусан байсан. Ослын шалтгаан одоогоор тодор­хойгүй байгаа бөгөөд талийгаачийн дээрээс барилгын хавтан унаж амь насанд нь хүрсэн гэсэн мэдээлэл байгаа юм. Ер нь “Хурд” группийн ажилчид энэ мэт ослын талаар үргэлж нууцлахыг оролдож байдаг.

Өнгөрсөн оны есдүгээр сард Хан-Уул дүүргийн XIV хорооны нутагт “Хурд” компанийн барьж байсан “Рапид харш” орон хороолол дундах өргөгч караны толгой салж унан 26 настай С амиа алдаж байсан юм.

 

Бид уг ослын араас сурвалжилж ”Амиа алдсан залууг нутаглуулж байхад Рапид харш сүндэрлэсээр” нийтлэлийг уншигч та бүхэнд хүргэж байсан. Тухайн үед нэг ажилчин нь нас барчихаад байхад “Хурд” группийнхэн ажлаа жишим ч үгүй үргэлжлүүлсээр, орон сууцны барилгуудаа сүндэрүүлсээр л байсан юм. Хэн ч тэдэнтэй хариуцлага тооцоогүй. Талийгаач болоод түүний ар гэрийнхний хохь болоод л дууссан. Сэтгүүлчдийн хариуцлага нэхэж, эрэн сурвалжилсан нийтлэл, нэвтрүүлгийг ч нохой хуцаж байна чинээ тоолгүй өнгөрч байсан. Гэтэл энэ ослоос хойш хэдхэн сарын дараа “Хурд”-ынхан дахин нэг ажилчныхаа амийг зольчихлоо.

“Хурд” группийн эзэн нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн. Тэрбээр өөрийгөө зөвхөн хувь эзэмшигч гэдэг боловч энэ компанийн эзэн нь гэдгийг захын хүн мэднэ. Тэрч байтугай түүнийг барилгын талбай дээр байнга эргэлдэж байдаг бөгөөд УИХ-ын гишүүний ажлыг чөлөөт цагаараа хийдэг гэж ярих хүн ч байдаг. Тиймээс барилгын салбараас олж байгаа ашиг нь Б.Чойжилсүрэнгийн халаасанд орж байгаа бол ослын хариуцлага ч түүнд хамаарах л ёстой. Сайн бүхнийг өөртөө нааж мууг бусдад нялзаах гэж оролдох нь үндэсний томоохон компанийг толгойлж байгаа, цаашлаад энэ төрийн түшилцэж байгаа хүний хувьд байж боломгүй хэрэг.

Тэрбээр өнгөрсөн оны ослын дараа “Барилга дээр хүн нас барсныг мэдээгүй. Сураг л сонссон” гэж сэтгүүлчийн асуултад хээв нэг хариулсан байсан. Өөрт нь хамаатай хүн алдаа гаргасны төлөө иргэдээс уучлалт гуйх, тэр бүү хэл албан тушаалаасаа огцордог ухамсар, сайн жишиг олон орны улстөрчдөд байдаг. Гэтэл өөрийнх нь байгуулсан компанийн үйл ажиллагааны доголдол, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрмээ баримталж ажилладаггүйгээс болж хоёрын хоёр хүн нас барчихаад байхад “Надад хамаагүй, би мэдэхгүй” гээд суух нь улстөрч хүний ёс зүйд нийцэхгүй.

Б.Чойжилсүрэн өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр санал худалдаж авсан, насанд хүрээгүй хүүхдүүдийн сурталчилгаанд ашигласан, байдал бишдэхэд хамаг буруугаа туслах руугаа бухсан гээд олон асуудал гаргасан. Сонгуулийн санал худалдаж авна гэдэг төрийн эрхийг хууль бусаар булааж авахтай дүйх том асуудал. Гэхдээ энэ удаа энэ талаар сөхөхөө азная. Гэхдээ та компанийнхаа үйл ажиллагаанд анхаарах цаг болжээ гэж хэлмээр байна. Харин эрдэнэт хүний амь нас эрсдчихээд байхад сурсан зангаа гаргаж бурууг өөрөөсөө зайлуулах гэж оролдож байгааг тэвчиж чадашгүй нь ээ. “Хурд” групп бол барилгын салбартаа урдаа барьдаг томоохон компаниудын нэг. Үндэстний хэмжээний том компанид нийгмийн хариуцлага, нэр хүнд, зангараг гэж байх ёстой. Б.Чойжилсүрэн гишүүний хувьд адил эр хүний, эрхэм гишүүний нэр төр гэж байх ёстой байх.

“Хурд” группийн орон сууц манайдаа өндөр үнэтэйд тооцогддог. “Рапид харш” орон сууц гэхэд л нэг метрквадратын үнэ нь 2000 ам.долларт хүрдэг. Өндөр үнэтэй барилга чанартай байх ёстой. Чанартай барилгыг мэргэшсэн, туршлагатай барил­гачид босгоно. Цаашлаад хөдөл­мөрийн аюулгүй ажиллагааны норм дүрэм, стандартыг сайтар хангадаг байх ёстой. Гэтэл олон сая ам.долларын жилийн орлоготой, салбарынхаа акул “Хурд” групп ажилчдынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө хариуцлага хүлээхгүй байгааг юу гэх вэ.

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны норм, стандартыг хангаж ажиллахад тухайн компанийн удирдлагуудаас ажилчдаа гэсэн сэтгэл зүтгэл л шаардана. Барилгын салбарыг эрсдэлгүй гэж хэн ч хэлэхгүй. Харин болзошгүй эрсдлээс ажилчдаа хамгаалах нөхцөлийг компанийн удирдлагууд хангах ёстой. Ингэж чадаагүй бол хуулийн дагуу хариуцлага хүлээх нь ч зүйн хэрэг. Тиймээс ганцхан жилийн дотор хоёрын зэрэг хүний амь насыг хохироосон “Хурд” компанийн удирдлага болоод УИХ-ын эрхэм гишүүн Б.Чойжилсүрэнтэй хариуцлага тооцох хэрэгтэй.

 

Н.Санжаасүрэн