Энэ сарын 10-нд дөрөв хоногтойгоос сар гаруйтай 16 нярай эмэнд хордсон байдалтайгаар Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтлээ гэсэн дуудлага Нийслэлийн цагдаагийн газраас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт ирлээ.

МХЕГ-ын дарга Д.Батмөнхөөр ахлуулсан ажлын хэсэг /бүрэлдэхүүнд нь ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, НМХГ, ХӨСҮТ, БГД-ийн цагдаагийн байгууллагын төлөөлөл орсон/ эмнэлэгт очиж хүүхэд нэг бүрийн биеийн байдлыг үзлээ.

Хамгийн сүүлд авсан мэдээллээр хоёр нярай эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. “Фенобарбитал” хэмээх тархины цусан хангамж сайжруулах энэ эмийг “Монос группийн тухайн эмийн санч насанд хүрсэн хүний тунгаар өгсөн нь хүүхдүүдийн хувьд 12-13 дахин их тун гэсэн үг юм.

Мэргэжлийн хяналтын байгууллага асуудлыг шалган өөрөөс шалтгаалах бүхнийг авч хэрэгжүүлж байна. “Иргэдийг төөрөгдүүлсэн ижил төстэй, сав, баглаа, боодол, шошго нь зөрчилтэй эмийг зах зээлээс эгүүлэн татаж болно гэсэн хуулийн заалтын дагуу МХЕГ-ын дарга Д.Батмөнх “Фенобарбитал” эмийг эгүүлэн татах чиглэлийг аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нарт өглөө.

Улсын Ерөнхий байцаагч 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 1270 эмийн сан, 200 гаруй эм ханган нийлүүлэх байгууллага, 34 эмийн санг үйлдвэрлэсэн болон худалдан борлуулж байгаа эмийнхээ стандартын хэрэгжилтийг хангахыг Албан даалгавраар үүрэг болгосон юм. Энэ албан даалгаврын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр улсын байцаагч нар ажлаа эрчимжүүлж байна.

Монос групп 31 эмийн сантай, дээрх эмийг “Гурван галэмнэлгийн урд байрлах 78 дугаар байранд байх эмийн сандаа төвлөрүүлэн жороор худалддаг байжээ.