Энэ сарын 8-ны  өдөр “Монос” эмийн сангийн эмийн санчийн буруутай үйлдлийн улмаас таван хоногтойгоос  4 сартай 16 хүүхэд өнөөдрийн байдлаар  Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа билээ.

 Одоогоор таван хоногтой, нэг сартай хүүхэд сэхээн амьдруулах тасагт эмчилгээ хийлгэж байгаа бол бусад нь энгийн тасагт хэвтэн эмчлүүлж  байгаа ажээ.  Эмэнд хордсон хүүхдүүдийн 4 нь ямар нэгэн хавсарсан өөр өвчнөөр өвдөх эрсдэлтэйг эх сурвалж хэлж байна.  

МХЕГ-ын дарга Д.Батмөнх ахалсан ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, БГД-ийн цагдаагийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг  гарч энэ хэрэг дээр ажиллаж байгаа юм.  Ажлын хэсгийн олж тогтоосноор   23 иргэнд худалдаалсан  Фенобарбитал эм нь улсын бүртгэлд бүртгүүлээгүй байжээ. Өөрөөр хэлбэл тухайн эмийн үйлдвэр нь улсын бүртгэлд бүртгүүлж байх ёстой атал   бүртгүүлэлгүй  эмийг худалдаанд гаргасан нь  тогтоогдсон байна.  Тиймээс ажлын хэсэг нярай хүүхдүүд мэнд хордсон асуудлыг шалгаад “Фенобарбитал” эмийг худалдаанаас эргүүлэн татах чиглэлийг аймаг, дүүргийн мэргэжлийн хяналтын дарга нарт үүрэг болгожээ.  Одоогоор эргүүлэн татсан  Фенобарбитал эмний тоог нэгтгэж байгаа юм байна.   Мэргэжлийн хяналтын байцаагч нар 1270 эмийн сан, 200 гаруй эм ханган нийлүүлэх байгууллага, 34 эмийн санг үйлдвэрлэсэн болон худалдан борлуулж байгаа эмийнхээ стандартын хэрэгжилтийг хангуулах үүрэг аван ажиллаж байгаа гэнэ.

Энэ хэрэг дээр Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгалтын ажиллагааг явуулж байна. Уг хэрэгт тухайн “Монос” эмийн сангийн эм зүйчээр ажиллаж байсан Сонгинохайрхан дүүргийн 20-р хороонд оршин суух 21 настай Э гэгчийг холбогдуулан шалгаж байга ажээ.

“Монос” эмийн сангийн удирдлагуудын хувьд  анхандаа энэ мэдээлэл ташаа хэмээн “арьсаа хамгаалж” байсан юм.  Улмаар хэд хэдэн  хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээ гаргуулахгүйн тулд хаалтын гэрээ хийсэн байна.  Харин мэдээлэл нэгэнт тархсан болохоор   "Бид мэдээлэл өгнө” гэхээс өөр зүйл ярихгүй байна.

 “Монос” групп 31 эмийн сантай, дээрх эмийг “Гурван гал”эмнэлгийн урд байрлах 78 дугаар байранд байх эмийн сандаа төвлөрүүлэн жороор худалддаг байжээ.  Хамгийн  ноцтой нь  23 хүнд худалдаалсан энэхүү эм нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй байсан юм.  

А.Баярмаа